Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг Үндэсний дээд лигийн тоглолт Спортын төв ордонд үргэлжилж байна. Олны дурлаж үздэг тус тэмцээний тоглолтууд I тойргоос эхлээд сонирхолтой өрнөдөг. Дээд лигт цөөнгүй жил “тоос өргөсөн” хүчирхэг багууд энэ удаад чадварлаг легионеруудаар хүч сэлбэжээ. Тухайлбал, эрэгтэйчүүдийн багаас “Хасу мегастарс”-ын Амирали Мохаммадфатали, “Тэнүүн-Огоо”-гоос Александр Блинец, “Баянхонгор коруд гео” багийн Алиреза Абалуч нар онцлох тоглогчоор тодорсон. Тэгвэл эмэгтэйчүүдээс “Хашхан Өвөрхангай”-н Сройпром Промпорн, “Тэнүүн-Огоо”-гийн Сьерра Посада, Либис Зулайт нар шилдгээр шалгарсан юм.
Дасгалжуулагчид хашир, туршлагатай тоглогчдоо лигт сойж, багаа ахлуулсан нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож байна. Тамирчид нэгнийхээ техник, тактикийг сайтар судлан, онооны хол зөрүүгүй тоглолт өрнүүлж байгаа тул одоогоор аль баг түрүүлэх нь тодорхойгүй. Дээд лигийн долоо дахь өдрийн тоглолтын талбайд “Улаанбаатар финикс”-ийнхэн “Энагурэ”-гийнхнийг 3:1-ээр илүүрхэн өнгөрсөн жилийнх шигээ шигшээд үлдэж, хүчтэй өрсөлдөгч болно гэдгээ илэрхийлэв. Тэгвэл “Хашхан Өвөрхангай”-нхан лигт эхний гурван байрт шалгардаг “Хобби эйс”-ийнхнийг 3:2, “Тэнүүн-Огоо”-гийнхон “Хилчин”-ийнхнийг 3:1-ээр яллаа. “Хөвсгөл эрчим”-ийнхэн “Ховд Алтайн барс”-ынхныг 3:0-ээр буулган авч, бэлтгэл сайн базааснаа харуулсан. Монголын волейболчдоос “Тэнүүн-Огоо” багийнхнаас Г.Саруулгэрэл, “Хөвсгөл эрчим”-ээс Г.Хонгорзул, “Улаанбаатар финикс”-ээс П.Энххүслэн нар тоглогчдыг хошуучилж, шилдгээр шалгарав.