Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2023 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйтийг хүлээн авч уулзав. Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай бүтэц, механизмын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахыг эрмэлзэж, Тусгай илтгэгчийг манай улсад байх хугацаандаа холбогдох байгууллагуудтай уулзаж, бодит мэдээлэл авах бололцоо бүрдэнэ гэдэгт итгэж буйг-аа илэрхийлэв.
Хатагтай Маргарет Саттертуэйт “Монгол Улсыг НҮБ-ын тусгай бүтэц, механизмтай нээлттэй хамтран ажиллаж буйг сайшааж, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах чиглэлээр Монгол Улс тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлж буй цаг үед айлчилж буй нь чухал ач холбогдолтой” гэдгийг онцоллоо.
Тусгай илтгэгч нь Монгол Улсаас 2004 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай бүтцэд хүргүүлсэн нээлттэй урилгын дагуу айлчилж байна. Улаанбаатар хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 6-15-ны өдрүүдэд ажиллаж, холбогдох байгууллагатай уулзалтууд хийх аж.