Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөснөөр эхэллээ. БНАЛАУ-ын нийслэл Вьентьян хотод байрлах эл хөшөөг иргэний дайнд амь үрэгдсэн цэргүүдийн гэгээн дурсгалд зориулан 2009 онд бүтээсэн бөгөөд гадаад улсаас айлчилж буй төр, засгийн тэргүүн нар ийн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Үүний дараа Төрийн тэргүүнийг гэргий Л.Болорцэцэгийн хамт тус улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит, гэргий Нали Сисүлитийн хамт ордондоо угтлаа.
Ингээд Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны дараах баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.
Тодруулбал,
- Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр,
- Мал эмнэлэг, мал, амьтны хорио цээрийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр,
- Ургамал хамгаалал, хорио цээрийн тухай Засгийн газрын хоорондын хэлэлцээр,
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар хооронд хамтран ажиллах санамж бичиг,
- Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНАЛАУ-ын Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын яам хоорондын хэлэлцээр,
- Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон БНАЛАУ-ын Байгалийн нөөц, байгаль орчны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг,
- Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёлын яам, БНАЛАУ-ын Мэдээлэл, соёл, аялал жуулчлалын яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг юм.
Хэлэлцээний эхэнд Монголын төлөөлөгчдийг элэгсэг, халуун дотноор хүлээн авч буй Лаосын төр, засаг, ард түмэнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Манай хоёр улс өнө эртний түүхэн холбоотой, өв соёлын уламжлалтай, найрсаг, дотно харилцаатайг тэрбээр онцолж, Монгол, Лаосын харилцаа бие биеэ дэмжин, харилцан ашигтай байх хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан нэгэн жарны туршид тууштай хөгжиж ирснийг тэмдэглэлээ. Ерөнхийлөгч Тонглун Сисүлит эл айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататгахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Тэрбээр хүнд бэрх цаг үед хоёр улсын ард түмэн биеэ биеэ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг дурдаад, дэлхий нийт, бүс нутаг, улс гүрнүүдийг хамарсан өөрчлөлт, шинэчлэлийн эринд Монголын ард түмэн Лаосын талд бат зогсон, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалах үйл хэргийг тууштай дэмжиж ирсэнд талархсан юм.
Талууд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг улс төр, батлан хамгаалах, зам, тээвэр, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцлоо. Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын хувьд Монгол, Лаосын харилцааг цаашид худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө ажиллана гэдэгт Төрийн тэргүүн нар санал нэгдсэн юм. Тэд ирэх шинэ жаранд хоёр талын харилцааны цар хүрээг улам бүр өргөжүүлэн, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, аялал жуулчлал, тээвэр ложистик зэрэг боломжит бүхий л салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ илэрхийллээ.
Түүнчлэн Засгийн газрын хооронд байгуулсан Мал эмнэлэг, мал, амьтны хорио цээрийн тухай болон Ургамал хамгаалал, хорио цээрийн тухай хэлэлцээр нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгааг талууд тэмдэглэв. Эдгээр хэлэлцээг байгуулснаар хоёр улсын хооронд мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд болон мал, амьтны эм бэлдмэл, тэжээл зэрэг бүтээгдэхүүнийг импортлох, экспортлох болон дамжин өнгөрүүлэх явцыг хурдасгаж, хорио цээрийн нөхцөлийг хөнгөвчлөх юм. Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнд хөнөөлтэй хортон шавж хоёр улсын нутаг дэвсгэрт тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах болон хоёр улсын хоорондын ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, үрийн худалдааг хөнгөвчлөх боломжийг бүрдүүлнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалын хүрээнд Монгол, БНАЛАУ-ын хооронд агаарын тээврийн салбарт хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх, зорчигч болон ачаа тээврийн харилцааг хөгжүүлэх чиглэлд эрх зүйн таатай орчныг бэхжүүлэх зорилгоор Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөл бүрдүүлснийг онцоллоо. Тус хэлэлцээрээр хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх боломж бүрдүүлэхийн зэрэгцээ Зүүн өмнөд Азийн орнууд руу шинээр нээх нислэгийн завсрын цэг болгон ашиглах боломж бүрдүүлж буй. Зүүн өмнөд Азийн улс орнуудаар аялах сонирхолтой монгол иргэдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж буйг хэлэлцээний үеэр талууд онцлоод, Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, 2024 оныг БНАЛАУ-ын Засгийн газраас “Аялал жуулчлалын жил” болгон зарласантай уялдуулан харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцов. Талууд айлчлалын үеэр байгуулсан Аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр нь хоёр улсын иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх, аялал жуулчлалын туроператор компаниудын хамтын ажиллагааг дэмжих, хоёр орны соёл, зан заншлыг харилцан таниулахад чухал ач холбогдолтойг онцоллоо.
Мөн айлчлалын хүрээнд зохион байгуулсан Монгол, Лаосын бизнес форум нь хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хоорондын ойр дотно харилцааг хөхиүлэн дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд тэмдэглэв. Үүнээс гадна Байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалахад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрс, ус, агаарын бохирдол, уул уурхайн үйлдвэржилтээс бий болсон байгалийн доройтлыг нөхөн сэргээх, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалахад чухал нөлөөтэйг тэд онцолсон юм. Санамж бичгийн хүрээнд талууд агаарын бохирдлыг бууруулах, экосистемийн нөхөн сэргээлт болон ойн тогтвортой менежмент зэрэг байгалийн нөөц, байгаль орчныг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах хөтөлбөрийн нарийвчилсан санал, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамтран тохирох нөхцөлийг бүрдүүлж байна.
Төрийн тэргүүн нар манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд бие биеэ дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалтайг онцлоод, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд цаашид ч уялдаа холбоотой ажиллахаа илэрхийлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ нь 2024 онд АСЕАН-ыг даргалах чухал үүрэг хүлээсэнд баяр хүргэж, амжилт хүсээд, манай улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болох, АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн орох хүсэл эрмэлзлийг Лаос улс дэмжихээ илэрхийлсэнд талархлаа.