УИХ-ын баасан гаргийн чуулганы үдээс хойших хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалах, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг танилцууллаа. Монгол Улсад нийт 115.1 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 40 хувь нь төрөлхийн, 60 хувь нь олдмол шалтгаантай аж. Эдний 11.8 мянга нь 0-18 насны хүүхэд юм байна.
Хөгжлийн бэрхшээлийг ургийн түвшинд илрүүлэх, аль болох багад нь оношилж, эмчлэх чиглэлд Засгийн газар анхаарч буй гэнэ. Тиймээс улсын хэмжээнд ургийн төрөлхийн зүрхний гажиг, хромосомын шинжилгээ хийж эхэлсэн, ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөх магадлалыг бууруулна гэж тооцсон байна. Шинэ төрсөн нярай бүрийг түнхний хэт авиан, сонсголын, ретинопатын, бодисын солилцооны гэсэн дөрвөн төрлийн скрининг шинжилгээнд хамруулдаг. Ингэснээр эмнэл зүйн шинж илрээгүй байхад оношилж, эрт эмчилгээнд хамруулснаар оюуны хомсдол, өсөлтийн хоцрогдол, хөгжлийн бэрхшээл, эндэгдлээс сэргийлэх боломжтой гэнэ. Эдүгээ 1498 хүүхэд цэцэрлэг, 5673 нь сургууль, 643 нь мэргэжлийн, 414 хүн их, дээд сургуульд тус тус суралцаж байгаа аж. 2022-2023 онд хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн 64 хувийг сургуульд хамруулжээ. Дээд боловсрол эзэмшихээр суралцсан болон суралцаж буй 750 гаруй хүнд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн тухай сайд мэдээлэв.
Хөдөлмөрийн насны 90 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс 13 мянга гаруй нь л ажил хийж буй тоо байгааг УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтэд дурджээ. Зөвхөн халамжлах биш, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх ёстойг тэд сануулсан. Мөн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сар бүр авдаг тэтгэвэр 325 000 төгрөг, тэднийг байнга асарч буй иргэнд олгох тэтгэмжийн хэмжээ 275 000 төгрөг байна. Хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ 2-3 дахин нэмэгдсэн энэ үед наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй, шаардлагатай эм, тариагаа авч хүрэлцэхгүй, тухайн айлын амьдрал маш хүнд, эмзэг буюу шууд хэлэхэд ядуурлын түвшинд очиж байна” гэв.