ШЕЗ-өөс “захиа” иржээ. Түүнд “Дээд шүүхээс 2018, 2019 онд “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлтэй АМГ-т холбогдох захиргааны хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Дээд шүүхийн таван шүүгч нэг нэхэмжлэлийг хоёр хянаж “Монгол Ураниум Ресурс”-д ашигтай шийдвэр гаргахдаа авлигад өртсөн үү”, “Дээд шүүхийн таван шүүгч “Монгол Ураниум Ресурс”-д тогтоолоороо зөвлөгөө өгсөн үү”, “Ураны тусгай зөвшөөрлийг нүүрснийх болгож “хөрвүүлсэн” шүүгч нар тайлбар хийлээ” гэсэн гарчигтай мэдээлэл цувралаар нийтэлжээ. Шүүх эрх мэдлийг Үндсэн хууль бусад хуульд заасны дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлэх, ямар ч нөхцөлд хуулиас гадуурх шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглох талаар Үндсэн хуульд заасныг нийтээр дагаж мөрддөг.
Шүүх нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллагыг бататган бэхжүүлж, хамгаалах аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах эрхэм зорилготой бөгөөд Үндсэн хуульд шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд УИХ-ын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн, хэн боловч шүүгчээс шүүн таслах ажиллагаа хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй гэж, Шүүхийн тухай хуульд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж тус тус хуульчилснаар баталгаа нь хангагддаг.
ШЕЗ-өөс 2023 оны аравдугаар сарын 26-ны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасны дагуу шүүхээс хянан шийдвэрлэж, тухайн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон хэрэг маргааны талаар Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулах, олон нийтийг төөрөгдүүлэх замаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сулруулах зорилготой хууль бус үйл ажиллагаа гэж үзлээ. Иймд шүүхийн бие даасан, хараат бус байдлыг алдагдуулж, шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдж буй үйл ажиллагааг таслан зогсоохыг мэдэгдэж байна. Хэрэв дээрх хууль үйл ажиллагааг үргэлжлүүлбэл Шүүхийн тухай хуулийн 42.5 дахь хэсэгт “Шүүгчийн хараат бус байдалд халдсан, шүүхийн үйл ажиллагаанд халдсан хэн боловч хуулийн өмнө хариуцлага хүлээнэ” гэж заасны дагуу асуудлыг эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх болно.
Та бүхнийг шүүхийн үйл ажиллагааны талаар олон нийтийг бодит мэдээллээр хангаж, нийгмийн шударга ёсыг бэхжүүлэхэд хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэжээ. ШЕЗ нь энэ “захиа”-ндаа “ШЕЗ-өөс 2023 оны аравдугаар сарын 26-ны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасны дагуу шүүхээс хянан шийдвэрлэж, тухайн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон хэрэг маргааны талаар Үндсэн хуулиар хамгаалагдсан шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулах, олон нийтийг төөрөгдүүлэх замаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сулруулах зорилготой хууль бус үйл ажиллагаа гэж үзлээ” гэжээ.
Үгүй юм. Бидний хувьд шүүгчийн хараат бус байдалд халдсан явдал огтхон ч байхгүй бөгөөд зөвхөн “Дээд шүүхийн таван шүүгч хуульд захирагдсан уу, хүнд үйлчилсэн үү” гэдгийг олон нийтийн, ялангуяа “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн тухайн лицензтэй Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд, газар нутгийн төлөөх асуусан, тодруулсан, эргэлзсэн мэдээллүүд болно. Ингэх зарим тодорхой үндэслэлүүд жирийн иргэд, сэтгүүлч сурвалжлагч бидэнд ч илтэд харагдаж байгаа юм.
Нэгдүгээрт, АМГ-ын Кадастрын хэлтсээс шүүхийн бүх шатанд гаргасан “Ашигт малтмалын тухай 3.1 дэх хэсэгт “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан. Тийм тул цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох зохицуулалт байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтаар “Цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж тодорхой заасан. Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 24.1 дэх хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. “Монгол Ураниум Ресурс” ХХК нь цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай дээрээ цацраг идэвх ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах ёстой байсан. Цөмийн энергийн тухай хуулийн 18.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.1.1-15.1.4-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комисс, тагнуулын төв байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас, энэ хуулийн 15.3-т заасан тусгай зөвшөөрөл олгоход Цөмийн энергийн комиссоос тус тус санал авсан байна” гэж заасны дагуу холбогдох байгууллагуудаас санал авсны үндсэн дээр тухайн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ” гэсэн хууль зүйн үндэслэл бүхий тайлбарыг Дээд шүүхийн хяналтын шатанд “хэрэгссэн” эсэх нь эргэлзээтэй байна.
Хоёрдугаарт, шүүх хуулийг тайлбарлаж хөгжүүлэх ёстой болохоос хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлж болохгүй. Тиймээс шүүх цацраг идэвхт бодисын хайгуулын тусгай зөвшөөрлийг ердийн ашигт малтмалын ашиглалтынх болгож хөрвүүлсэн нь хууль тогтоосон хэрэг юм. Товчилбол, цацраг идэвхт бодисын тусгай зөвшөөрлийг ердийн ашигт малтмалын зөвшөөрөл рүү албан тушаалтны “эс үйлдэхүй”-тэй дүйцүүлэн хөрвүүлэх нь хэр зэрэг зохистой вэ?!
Гуравдугаарт, ер нь, яах гэж төрөөс тусгай зөвшөөрөл гээчийг олгодог вэ гэдэг асуулт ч гарч ирнэ. Жишээ нь, Дээд шүүхийн шийдсэн энэ асуудал нь “Сэтгүүлчийн мэргэжилтэй бид адилхан л хэдэн жил суралцсан. Эмчээр ажиллана” гээд дипломоо хөрвүүлж болохгүйтэй агаар нэг юм. Ер нь бол цацраг идэвхт бодисын хайгуулын зөвшөөрөлтэй “Монгол Ураниум Ресурс” ХХК хүрэн нүүрсний орд олоод түүн дээрээ шууд ашиглалтын зөвшөөрөл авч болж байгаа нь “Бадрах энержи” компанийн хайгуулын явцад олдсон Баянбогдын нүүрсний ордыг улс авч, өдгөө нийслэл эзэмшиж байгаа нь хууль бус болж таарна. Ийм энгийн логиктой, жирийн иргэдэд ч ойлгомжтой асуудлаар бид мэдээлэл хүргэсэн юм.
Дөрөвдүгээрт, ШЕЗ нь 2023 оны аравдугаар сарын 26-нд энэ асуудлыг иргэд, олон нийтийн эргэлзээд байгаа энэ асуудал, тодруулбал, “Дээд шүүхийн таван шүүгч хуульд захирагдсан уу, хүнд үйлчилсэн үү” гэдэг талаас нь авч хэлэлцсэн үү. Шүүхийн тухай хуулийн 4.1.4-т “Шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах”, 6.3-т “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ” гэж заасан. Тиймээс ШЕЗ энэ талаар олон нийтэд тодорхой хариулт, тайлбар өгнө үү.
Тавдугаарт, ШЕЗ нь “Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг алдагдуулж, шүүгчийн ажил хэргийн нэр хүндэд халдаж буй үйл ажиллагааг таслан зогсоохыг мэдэгдэж байна. Хэрэв дээрх хууль үйл ажиллагааг үргэлжлүүлбэл эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх болно” гэж мэдэгдэл ирүүлжээ. Бидний нийтэлсэн мэдээлэл тухайн шүүх үйл ажиллагаа болж өнгөрснөөс даруй дөрвөн жилийн дараа хөндөгдсөн. Тэгэхээрээ шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй, нөлөөлөл боломжгүй, тийм санаа зорилго байхгүй юм. Бас Цөмийн энергийн тухай хуулийн 49.1-д “Цөмийн энергийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих олон нийтийн хяналтыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд иргэн, хуулийн этгээд хэрэгжүүлнэ” гэж заасан зэргээр хүлээн зөвшөөрөгдсөний дагуу хэвлэл нийтлэх эрхээ хэрэгжүүлсэн. Гэтэл ШЕЗ-ийн энэ мэдэгдлээс өөрийнхөө бүрэн нөлөөлж болох байгууллагыг татан оролцуулахаар зэхэж байгаа нь харагдаж байна. Энэ бол нэг талаар эрүүдэн шүүлт, дарамт, заналхийлэлт, сүрдүүлэг юм. Аль нийгэмд шүүх нь олон нийтийн итгэл алдвал тогтолцоогоо маш хурдан шинэчлэх, шударга ажиллах зарчим, боломжийг бүрдүүлдэг. Гэтэл түүнтэй холбоотой “шүгэл” үлээсэн иргэний нийгмийн байгууллагыг ШЕЗ заналхийлэх учиргүй юм.
Зургадугаарт, дөрвөн жилийн өмнө Салхитын мөнгөний ордын хэрэг, “Энкантогийн уулзалт” зэрэг шүүгч нар оролцсон асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлч сурвалжлагч нар л “шүгэл” үлээж гаргаж ирсэн. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгуулсан. Нэлээд нь авлигын хэрэгт холбогдсон. Шүүхээс ял шийтгэл авсан. Ийм л байдаг. Ер нь шүүхтэй холбоотой эргэлзээтэй асуудал асар оллн болж овоорсон. Гэвч энэ тал дээр ШЕЗ-д найдах нь учир дутагдалтай байж болзошгүй нь тодорхой харагдаж байна. Тэгэхээр шүүхийг цэгцлэхэд дорвитой арга хэмжээ хэрэгтэй болсон байна. Гэхдээ яаж?! Ганц гарц нь, Ерөнхийлөгч шүүхэд анхаарлаа хандуулах цаг нь болжээ. Тэрбээр шүүхийг “шүүрдэх” цорын ганц эрх мэдэлтэй субьект нь юм. Тиймээс бид энэ асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон олон улсын байгууллагуудад хандаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ