Нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд иргэн Шагж овогтой Хүрэлтулга 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байршуулсан “НДШ, ХХОАТ-ыг 50 хувиар бууруулах” хуулийн төсөл санаачлах талаар гаргасан саналыг дэмжсэн иргэдийн тоо 100 мянгад хүрлээ.
D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгдөг. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, аливаа иргэн D-Өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33 000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх нөхцөл бүрдэх юм.