Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чон, Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ, тус улсын Ерөнхий сайд Фам Минь Чинь нартай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хоёр орны үе үеийн удирдагчдын тавьсан харилцааны бат бэх үндэс суурь нь цаг хугацааны бүхий л сорилт, шалгуурыг давж, хөгжин бэхжиж ирснийг онцлоод Монгол, Вьетнамын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаа”-гаа илэрхийлэв.
Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг “Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжүүлж буй төрийн айлчлалд Вьетнамын нам, төр, засаг өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглээд, хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд эрх баригч нам болон улс төрийн намууд хоорондын бүхий л түвшний хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө байгаа” гэдгээ илэрхийллээ.
Талууд ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсоныг сайшааж, цаашид хамтын ажиллагааг худалдаа, эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулах чиглэлээр нягт хамтран ажиллахаар тохиров.
Үндэсний Ассамблейн дарга Выөнг Динь Хүэ “Хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа дипломат харилцаа тогтоосноос хойш тууштай өргөжин гүнзгийрч ирсэн бөгөөд хүнд бэрх цаг үед монгол, вьетнамын ард түмэн бие биеэ харилцан дэмжиж, найрсгаар хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалтай” гэдгээ тэмдэглэв.
Хоёр орны үе үеийн удирдагчдын тавьсан харилцааны хөрс суурь нь цаг хугацааны бүхий л сорилт, шалгуурыг давж, хөгжин бэхжиж ирсэн бөгөөд цаашид энэхүү бат бэх харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх түүхэн цаг үе ирснийг талууд санал нэгтэй тэмдэглэв.Талууд хоёр улсын улс төрийн харилцааг бэхжүүлж, харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэдгийг онцолж, цаашид парламент хоорондын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжиж, Парламентын Найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг нотлов.
БНСВУ-ын Ерөнхий сайд Фам Минь Чинь “2024 онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, ард түмний ойр дотно нөхөрлөлийг бэхжүүлсэн арга хэмжээг хамтдаа зохион байгуулах, түүхэн шинэ хуудсыг нээх талаар хамтран ажиллахдаа баяртай байгаа”г илэрхийлэв.
Талууд Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комисс нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хэлэлцэх чухал механизм болж хөгжиж буйг өндрөөр үнэлж, тус механизмаар дамжуулан хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт бодит хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр орны бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид хооронд хэлхээ холбоо тогтоон худалдааг дэмжиж ажиллахын чухлыг онцоллоо.
Цаашид бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийг хөнгөвчлөх хүрээнд Монгол, Вьетнам, Хятадын зам тээврийн асуудал хариуцсан сайд нарын түвшний гурван талт уулзалтыг зохион байгуулж, төмөр замд түшиглэсэн транзит тээврийн дамжин өнгөрөх боомтуудыг тохирох чиглэлд идэвхтэй хамтран ажиллах юм.
Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр улсын харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд хоёр талын хэд хэдэн баримт бичгийг байгуулсныг талууд сайшаан тэмдэглээд үүний дотор “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцоллоо.