Тээвэр, ложистикийн харилцаа холбоогоо бэхжүүлж, хамтдаа хөгжих зорилгоор “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форумыг Улаанбаатарт ирэх долоо хоногт зохион байгуулахаар болжээ. Уг форумаар бүсийн хэмжээнд тээвэр, ложистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох талаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцох юм. Түүнчлэн гааль, тариф, хилийн горим журам, баримт бичиг, дата мэдээллүүдийн нийцлийг сайжруулах, тээврийн коридоруудыг хөгжүүлэх, салбарын тулгамдаж буй бусад асуудлыг хамтран шийдвэрлэх зорилготойг ЗТХЯ-наас мэдээллээ.
Үүнээс гадна Олон улсын тээврийн форумаас (ITF) “Азийн бүсийн өндөр түвшний хоёр дахь удаагийн яриа хэлэлцээ”-г зохион байгуулахын зэрэгцээ төмөр зам, иргэний нисэх, авто зам, авто болон далайн тээвэр, хуурай боомтын асуудлаар Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын хамтран ажиллагч байгууллагууд, хөрөнгө оруулагчдад танилцуулах гэнэ. Тээврийн салбарын нүүрсхүчлийн хийг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй санаачилга, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн талаар болон зам, тээврийн үйлчилгээний тогтвортой байдал, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон улсын сайн туршлагаас хуваалцахыг зорьж байгаа аж.