Энэ он гарснаас хойш угаарын хийд 2000 гаруй иргэн хордсон байна. Тэднээс 54 нь нас баржээ. Тэр дундаа Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт хамгийн олон хүн угаарт өртсөн аж. Харин Налайх дүүрэгт өнгөрсөн оны аравдугаар сараас хүйтний улирал дуусталх хугацаанд 45 иргэн угаарын хийд хордсон гэсэн мэдээлэл бүртгэгдсэн гэнэ. Энэ нь бусад дүүргээс хамгийн бага нь. Үүний дагуу холбогдох мэргэжилтнүүд шалтгааныг нь тодруулахад ихэвчлэн айлууд угаарын хий мэдрэгч төхөөрөмжөө салгасан, яндангаа хөөлөөгүй, зөв галлаагүй, зуухны бүрэн бүтэн байдал алдагдсан зэрэг зөрчил илрүүлжээ. Нийслэлийн хэмжээнд гэр хороололд 200 000 орчим айл өрх бий.
Албаныхан гэр хорооллын иргэд болон хороо, дүүргийн холбогдох мэргэжилтнүүдэд зөвлөгөө, заавар, сургалт тогтмол зохион байгуулдаг. Тэд өмнөх сард угаарын хийгээс урьдчилан сэргийлэх зорилгоор 850 хүнд сургалт зохион байгуулжээ. Эрүүл мэндийн яам, НЭМҮТ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, ОБЕГ, ЭХЭМҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Тавантолгой түлш” компани, Хордлогын яаралтай тусламж, үйлчилгээний төв зэрэг байгууллага энэ чиглэлээр хамтарч ажиллахаас гадна зарим нь цахим хуудсаараа хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, сайжруулсан түлшийг хэрхэн галлах талаар зөвлөмж, контентыг олон нийтэд хүргэдэг аж. Энэ асуудлыг шийдвэрлэх гол арга нь угаарын хийн мэдрэгчийг гал түлдэг бүх айл хэрэглэх гэнэ. Уг төхөөрөмж нь угаарын хий алдагдаж эхлэх үед дохиолол дуугарч, сэргийлдэг. Мөн яндангаа тогтмол хөөлж хэвших нь чухал аж.