“Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Х.Нурлат, Улаанбаатар хотын гаалийн газрын улсын байцаагч З.Сырымбек нарт холбогдох нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Албан тушаалаа урвуулан компанийнхаа эрх бүхий албан тушаалтанд нөлөөлж өөртөө давуу байдал бий болгосон, хууль ёсны орлогоосоо давсан их хэмжээний орлого, эд хөрөнгө олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт тэднийг яллагдагчаар тооцон өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас шалгаж эхэлсэн билээ. “Зүүнбаян төмөр зам” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Тавантолгой түлш” ХХК-ийн мөн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа Х.Нурлатыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгаж буй юм. Тодруулбал, эрх мэдлээ ашиглан өөрөө ТУЗ-д нь байдаг “Тавантолгой түлш” ХХК-ийнхантайгаа хамтран нүүрс тээвэрлэх бизнес эрхэлж, орлого олж хууль бусаар хөрөнгөжсөн, “Онлайн ложистикс” ХХК-ийг үүсгэн байгуулж эрх мэдэл албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татсан байдаг. Эдгээрээс гадна өөр олон үйлдлийг хууль сахиулагчид шалгаж буй юм.
Эл хоёр хүн нийлэн Казахстаны Астана хотод тансаг зэрэглэлийн орон сууц бариулж, хууль бусаар олсон мөнгөө угаасан хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар мэдэгдсэнийг уншигчид санаж буй.
Өдгөө НПГ-ын “Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийн хяналтын прокурорууд Х.Нурлат, З.Сырымбек нарт холбогдох хэрэгтэй танилцаж, цугларсан нотлох баримт хангалттай гэж үзвэл шүүхэд шилжүүлэх тогтоол гаргах юм.