Сүхбаатарын 13 дугаар хороонд тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгыг барьж байна. Уг ажлын гүйцэтгэл өдгөө 90 хувьтай үргэлжилж буй гэнэ. Тус эмнэлэг нь таван давхар, А, Б хоёр блок барилгаас бүрдсэн аж. Давхар бүр нь 3000 ам метр талбайтай бөгөөд нийт 200 ортой байхаар төлөвлөжээ. Үүнээс гадна 100 автомашины зогсоол, гэрэлтүүлэг, камержуулалт, гадна талбайн тохижилтын ажлуудыг цогцоор нь хийх гэнэ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Дукат” компанийнхан боловсруулжээ. Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Ванхүү” компанийнхан ажиллаж буй юм байна. Уг ажлыг 2021 оны наймдугаар сард эхлүүлсэн бөгөөд ирэх жилийн хоёр дугаар улиралд багтаан ашиглалтад оруулах аж. Эмнэлэгт шаардлагатай 149 нэр, төрлийн 652 тоног төхөөрөмжийг одоогоор худалдан авчээ. Үлдсэн тоног төхөөрөмжийг авах санхүүжилтийг дүүргийн 2024 оны төсөвт тусгахаар төлөвлөсөн гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч