Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад төрийн айлчлал хийхээр өчигдөр Ханой хотноо хүрэлцэн ирлээ. Төрийн тэргүүн болон дагалдан яваа төлөөлөгчдийг Ханой хотын “Ной Бай” олон улсын нисэх онгоцны буудалд БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ле Кхань Хай, Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дам тэргүүтэй хүмүүс угтан авав.
Манай хоёр улсын хооронд 1954 оны арваннэгдүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 70 жилийн ойг угтан тус айлчлалыг хийж буй юм. Монголын талаас 1959 онд МАХН-ын Намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал, 1994 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2005 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус улсад айлчилж байжээ. Харин Вьетнамын талаас 1955 онд Ерөнхийлөгч Хо Ши Мин, 2000 онд Ерөнхийлөгч Чан Дык Лыонг, 2008 онд Нгуен Минь Чиет, 2017 онд Дэд Ерөнхийлөгч Данг Тхи Нгок Тхинь нар манай улсад айлчилсан аж.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргийн хамт дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Хо Ши Минь Ерөнхийлөгчийн бунханд хүндэтгэл үзүүллээ. Дайнд үрэгдсэн дайчдын хөшөөг Хо Ши Минь Ерөнхийлөгчийн бунхны эсрэг талд, Ба Динь буюу төв талбай (эртний Ханой хотын туурь)-д сонгож байгуулсан нь улс төр, түүх, соёлын гүнзгий ач холбогдолтой хэмээн үздэг байна. Ерөнхийлөгч Хо Ши Минь 1945 онд Ба Динь талбайд бүх нийтийн анхны цуглааныг зохион байгуулж байжээ.