-Вьетнам дахь Төрийн айлчлалын эхний өдөр-
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс /БНСВУ/-д хийж буй Төрийн албан айлчлалын хүрээнд 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ий өдөр Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгүен Хонг Диен нар "Цагаан будааны худалдааны тогтвортой байдлын тухай" харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Монгол Улс БНСВУ-аас жил бүр 30,000 тонн хүртэлх цагаан будааг тогтвортой худалдан авч, Монголын зах зээлд нийлүүлэх юм.
Хо Ши Минийн бунханд хүндэтгэл үзүүллээ
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт БНСВУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд Дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө. Вьетнамын ард түмний удирдагч Ерөнхийлөгч Хо Ши Минийн бунхан нь Ханой хотын Ба Динь-ий талбайд байрладаг бөгөөд Ерөнхийлөгч Хо Ши Минь 1945 оны есдүгээр сарын 2-ны өдөр энэ талбайд бүх нийтийн анхны цуглааныг зохион байгуулж, БНСВУ байгуулагдсаныг зарлан тунхагласан түүхтэй.
1973 оны есдүгээр сард бунхны барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 1975 оны зурга дугаар сарын 16-нд барьж дуусгаж, мөн оны наймдугаар сарын 26-нд албан ёсны нээлтийг хийжээ. Бунхан нь дөрвөлжин хэлбэртэй, 30 метр өргөн, 21.6 метр өндөртэй. Мөн 7 баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэхээр баригдсан байна. Бунхны нийт талбайн хэмжээ 21 000 метр хавтгай дөрвөлжин юм.