Төрийн өмчит “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр тэргүүтэй зургаан хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр 08.30 цагаас эхлэн хэлэлцэж байна.
Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт оршдог Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг хувийн аж ахуйн нэгж эзэмшиж байсныг цуцалж, өнөөгийн УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй хүмүүс очин тусгай хамгаалалтад авч, төрийн өмчийн “Эрдэнэс силвер ресурс” компани байгуулан шилжүүлснийг уншигчид санаж буй. Гүйцэтгэх захирлаар нь Т.Мөнхбаяр хэмээх “Империал гоулд майнинг” ХХК-ийг удирдаж байсан нэгнийг томилсон билээ. Гэвч тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгохын тулд ихээхэн хэмжээний хахууль хясан боогдуулж авсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, Т.Мөнхбаяр “Эрдэнэс силвер ресурс” компанийн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Жаргалсайхан, “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн менежер Б.Баттулга нартай бүлэглэн Тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулаагүй аж. Улмаар 2020 оны дөрөвдүгээр сарын 29-нд Салхитын мөнгөний ордод хөрс хуулах, олборлолтын ажил гүйцэтгэх гэрээг эл компанитай байгуулсан байдаг. Улмаар хөрс хуулалт, хүдэр олборлолтын ажлын нэг шоо метр уулын цул тутмаас 1500 төгрөгөөр тооцон хахууль өгөхийг “Монголиан майнинг саппорт сервисес” ХХК-ийн захирал П.Энхтүвшингээс шаардсан аж. Ингээд Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Цома” оффисын гадна П.Энхтүвшингээс 192 сая, Хан-Уул дүүрэгт байрладаг “Империал хаус” хотхоны гадна 158 сая гэх байдлаар нийт 1.4 тэрбум төгрөгийн хахууль авсныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн тогтоосон билээ. Уг мөнгөө дээр дурдсан менежер Б.Баттулга болон Б.Пунцагбалжир гэх хүнээр дамжуулан авч байсан хэмээн буруутгагдаж буй юм.
Мөн Салхитын мөнгөний ордод баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа явуулж баяжмал гаргах тендерт шалгарсан “Аглаг хангайн уулс” ХХК-тай 2020 оны тавдугаар сарын 18-нд Баяжуулах үйлдвэрийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дэд захирал Б.Жаргалсайханаараа дамжуулан хахууль авсан үйлдэлд бас холбогдсон. Т.Мөнхбаяр “Аглаг хангайн уулс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Бүрэнбадрахаас боловсруулсан хүдрийн тонн тутмаас 10 000 төгрөг авахаар шаардаж, нийт 1.2 тэрбум төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг зохион байгуулж, хамтран гүйцэтгэсэн хэрэгт яллагдагчаар татагдаад байна.
НПГ-аас Т.Мөнхбаяр, Б.Жаргалсайхан, Б.Баттулга, Б.Пунцагбалжир нарт хахууль авч бусдад давуу байдал бий болгосон, эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор мөнгө угаасан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.4-2, 22.5-1, 18.6-1 дэх заалтад заасны дагуу яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүхэд шилжүүлсэн юм. Гэвч тэдний өмгөөлөгч нар элдэв шалтаг хэлж хурлыг хойшлуулсаар байсан билээ. Өчигдөр үдээс өмнө НПГ-ын хяналтын прокурор Г.Ганхөлөг, Ч.Батзориг нар зургаан шүүгдэгчийг буруутгаж буй яллах дүгнэлтээ уншиж танилцуулсан бол үдээс хойш тэдний мэдүүлгийг сонсож, яллах, цагаатгах талынхан асуулт тавьж хариулт авсан юм. Шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ.