“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтыг өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 72 цагийн хугацаатай албадан саатууллаа. Тэрбээр олон нийтийн сүлжээнд “Намайг хууль бусаар баривчиллаа. Би эд нартай жинхэнэ алалцана. Худалдагдсан прокурор, шүүгч, цагдаа нартай Монголын ард түмэн тооцоо бодох цаг нь болсон” хэмээн бичсэн байв. Түүний ийнхүү бичих болсон шалтгаан нь албадан саатуулах захирамж гарсантай холбоотой аж.
Х.Бат-Ялалт 2022 оны дөрөвдүгээр сарын 27-нд “Парламент” телевизийн ярилцлагын шууд нэвтрүүлэгт оролцож байхдаа ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Үүрцайхтай зодолдсон бичлэг нь одоо ч олон нийтийн сүлжээнд бий.
Энэ өдрөө Д.Үүрцайх цагдаагийн байгууллагад хандаж “Шууд нэвтрүүлгийн үеэр зодуулж гэмтсэн” гэх гомдол, мэдээлэл гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулан шалгаж, дараа сард нь Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж. Шүүхийн шинжилгээний байгууллагаас Д.Үүрцайхын нүүрэнд хөнгөн хохирол учирсан гэсэн дүгнэлт гаргасныг үндэслэн 2023 оны дөрөвдүгээр сард Х.Бат-Ялалтад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол прокурор баталсан байна. Ингээд түүнийг удаа дараа дуудаж уг тогтоолтой танилцуулахаар хандахад ирэхгүй өдий хүрчээ.
Тиймээс Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4-1.1-т заасан “Энэ хуулийн 31.2 дугаар зүйлд заасны дагуу сэжигтнийг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, эсхүл мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан бол” гэснийг үндэслэн сэжигтнээр баривчлах тухай саналаа харьяалах шүүхэд хүргүүлсэн юм байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг өнгөрсөн сарын 23-нд хэлэлцээд сэжигтнээр баривчлах тухай шүүгчийн захирамж гаргасан гэнэ. Үүний дагуу Х.Бат-Ялалтыг өчигдөр цагдан хорих ангид хүргэжээ.