Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж буй. Олон нийтийн зүгээс монгол өрхийг чадавхжуулах, эцэг, эхийг хариуцлагажуулах, хүүхэд хамгааллын бодлогоо оновчтой болгохоос гадна хосууд салсны дараах хүүхдийн тэтгэлгийг олгуулах талаарх саналаа түлхүү ирүүлжээ. 1999 онд баталсан Гэр бүлийн тухай хууль өдгөө нийгмийн хэрэгцээ шаардлага хангаж чадахгүйг 108 төвийн Хамгаалах байрнаас аврал эрсэн хүүхдүүд, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хамгаалал хүссэн эмэгтэйчүүд, “Өнөр бүл” төвд ирдэг багачуудын жишээнээс харж болно. Тиймээс “Зорьсондоо” багийнхан энэ удаа Гэр бүлийн тухай хуулийн зохицуулалт дутмагаас хүүхэд хамгийн ихээр хохирч буйг харуулахыг зорьж, “Өнөр бүл” төвөөс сурвалжилга бэлтгэхийн зэрэгцээ дээрх хуулийг санаачлагчаас зарим зүйлийг тодрууллаа.
Хосууд салах нь энгийн үзэгдэл болж, гэр бүлийн хүчирхийлэл, эцэг, эхчүүдийн хариуцлагагүйн золиосонд бяцхан үрс өнчирсөөр. Цаг зуурын бэрхшээлтэй тулгарч, аав, ээждээ хаягдсан хүүхдүүд төрөөс халамж хүсэх нь олширчээ. Эцэг, эх хүүхдээсээ яагаад нүүр буруулах болсон талаар албаны хүмүүс “Сүүлийн үед хүүхдээ тэжээх, хүмүүжүүлэх үүрэг хариуцлагаас зугтах, мөн хамтран амьдрагчтай болсон үедээ хүүхдүүдийг нь хүлээн зөвшөөрөөгүй гэх шалтгаанаар эцэг, эх байх үүргээсээ татгалзах хүсэлтэй иргэд нэмэгдсэн” хэмээв. Тухайлбал, “Өнөр бүл” хүүхдийн төвд авчраад, хэсэг хугацааны дараа авна гэчихээд орхидог тохиолдол цөөнгүй гэнэ. Тус төвийн хамт олон эдгээр хүүхдийг нийгмийн хариуцлагын хүрээнд халамжлан, сурган хүмүүжүүлэх үүрэг хүлээдэг. Эл төвд сургуулийн насны 98 хүүхэд амьдардгаас 48 нь охин. Нэг өрөөнд 5-7 сурагч байрладаг.
Тэд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 44, 53, 55, 68 дугаар сургуульд суралцдаг аж. “Өнөр бүл” төвийн 10 хүүхэд тутамд нэг багш ажилладаг юм байна. Багш нар нь 08.30 цагт ажилдаа ирж, хүүхдүүдтэйгээ хамт өглөөний цай уун, хичээлд нь явахад тусалж, заримынх нь даалгаврыг хийлгэж байв. Нэг ёсондоо ээж, аавыг нь орлох гэж хичээж буй. Тэд хариуцсан хүүхдүүдийнхээ ангийн багштай нь байнга холбоотой ажиллаж, нийгмийн сэтгэл зүй, гадаад орчинд буй зарим нөлөөллийн талаар ярилцдаг ажээ. Багш нар хичээгээд ч хүүхдүүдэд төрсөн эцэг, эх шиг нь хайрыг мэдрүүлж чадахгүй. Гэсэн ч гэр бүлтэй нь дүйцэхүйц орчин бүрдүүлж, хүүхдүүдийн хүмүүжил, боловсролд анхааран, амьдрах ухаанаас гадна өөртөө үйлчлэх дадалд сургажээ. Тухайлбал, сурагчид өдөр бүр хоолоо ээлжилж хийх, гэрээ тогтмол цэвэрлэх, сонгосон дугуйлан болон хичээлдээ явдаг.
Мөн төвийнхөө дэргэдэх гар урлал, оёдол, бүжиг, зураг, бөхийн секц, үлээвэр хөгжим зэрэг дугуйланд хамрагддаг аж. Багш нарын олонх нь төвдөө олон жил ажилласан туршлагатай. Сэтгэл зүйч Л.Отгонлхам “Хүүхэд бүр өөр амьдралтай гэр бүлээс ирдэг. Эцэг, эхийн хариуцлагагүйгээс болж, итгэл найдвараа “гээж” ирсэн хүүхдүүдэд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхэд урт хугацаа шаардана. Наад зах нь зургаан сар болдог. Ингэсний үр дүнд аажмаар өөрчлөгддөг юм. Хүүхдүүдэд итгэл төрүүлж, эерэг хандлага, дадалтай болгож төлөвшүүлэхийг зорьж ажилладаг. Би хүүхдүүдийг нээлттэй байлгахын тулд чөлөөтэй ярилцах дуртай. Намайг ажиллах хугацаанд хүүхдээ авах байтугай, уулзахаар ирсэн эцэг, эх нэг ч байгаагүй нь сэтгэл эмзэглүүлдэг” гэв. Тэгвэл тус төвд 18 жил ажиллаж буй нийгмийн ажилтан “Хүүхдүүд аав, ээжийгээ хэзээ ирж авах бол гэж өдөр бүр хүлээдэг нь харцнаас нь анзаарагддаг. Тэдний сэтгэл зүйд гологдсон, хаягдсан, орхигдсон мэдрэмж байнга төрдөг” хэмээн дурдсан юм. Тэгвэл ерөнхий захирал М.Өлзийчимэг “Энэ хорвоод хайрлуулах гэж ирсэн хүүхдүүдээ үл хайхарч, орхиод явдаг эцэг, эх олширчээ. Тэдний үүрэг, хариуцлагыг нь хүлээлгэе. Хүүхдүүдэд халуун дулаан уур амьсгал мэдрүүлдэг байя. Тиймээс эцэг, эх байх эрхийг хасах биш, үүрэгжүүлье” гэсэн саналыг төр засаг, бодлого боловсруулагчдад уламжилсныг үүгээр хүргэе.
Хүүхдүүдийнхээ бичиг баримтыг авч, “Эхийн алдар” одон хүртэхээр ирдэг ээж ч бий
Энэ төвд өнчин хүүхдүүд цөөн ирдэг. Ирсэн хүүхдүүдийн бичиг баримтыг нягтлахад 98 хүүхдээс 19 нь бүтэн өнчин. Бусад нь эцэг, эхтэй. Тэд ээж, аавтай хэрнээ олонх нь сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай. Аавдаа зодуулж, ээждээ хаягдсан тэдний сэтгэл зүйг хэвийн болгоход 18 жил ч багадана. Хүүхдийг ирээдүйд өөртөө итгэлтэй, зөв хүн болгож төлөвшүүлэхийн төлөө тус төвийнхөн сэтгэл нэгдэн ажилладаг. Тэд хүүхдүүдийг тав тухаар дутаахгүйг хичээдгээ өгүүлсэн. Энд өнчин гэхээсээ илүү эцэг, эхтэй хүүхдүүд ирдэг нь гэр бүлийн хүчирхийлэл өдрөөс өдөрт ихсэж, үүрэг, хариуцлагаас зугтагсад олширсныг илэрхийлж байна. Хүүхэд бол тухайн улсын үнэт баялаг. Зөв иргэн бэлдэхийн тулд тэдэнд цаг зав, хайр халамж харамгүй зарцуулах шаардлагатай. “Байхгүй гээд гараа хумхихгүй. Байлгах гэж урагшилъя” гэсэн уриатай ажилладаг эл хамт олон гэр бүл, хүүхэдтэй холбоотой үндэсний хэмжээний чуулган бүрт оролцож, эцэг, эхийн үүрэг хариуцлагын талаар өгүүлдэг аж.
Хүүхдийн хүмүүжилд хамгийн их нөлөөлдөг зүйл бол гэр бүлийн уур амьсгал. Гэтэл зарим эцэг, эх хайрлах, үүрэг, хариуцлага гэдгийг хүүхдээ мөр бүтэн, гэдэс цатгалан явуулах гэж ойлгодог. Үр хүүхэдтэйгээ ч зав гаргаж, ярилцдаггүй. Тэдний олонх нь “Амьдралынхаа төлөө завгүй ажилладаг. Нийгэм хэцүү байна” гэж хамаг бурууг хийж буй ажилдаа тохох нь түгээмэл. Залуус төр, хувийн хэвшлийн байгууллага гээд хаана ажилласнаас үл шалтгаалан шөнийн бор хоногтоо гэртээ ордог болсон. Байгууллагуудын удирдлага ч ажилчдаа гэр бүл, үр хүүхэдгүй хүн шиг ажиллуулдаг. Ингэх нь Хөдөлмөрийн тухай хуулиар хориотой. Ажлын ачаалал, завгүй амьдрал олон гэр бүлийг бухимдуулж, хүүхдэдээ тавих анхаарал, халамжаас нь холдуулсаар. “Өнөр бүл” төвд байрлах дөрвөн хүүхдийнхээ бичиг баримтыг авч, “Эхийн алдар” одон хүртэхээр ирдэг ээж ч бий гэнэ. Түүнд хороо, дүүрэг нь хариуцлага тооцох нь байтугай хүүхэд төрүүлснийх нь төлөө одон өгчихсөн гэсэн үг.
Тэр ч бүү хэл, охиныг нь хойт эцэг нь хүчирхийлчихээд байхад тас нуудаг ээж цөөнгүй. Хамтран амьдрагчаа “аавын хаалга” татвал хойшид яаж амьдрах билээ гэх өчүүхэн шалтгаанаар чимээгүй өнгөрөөдөг гэх. Мөн дахин гэрлээд, эхнэр, нөхөр, хадамдаа хүүхэдтэй гэдгээ хэлдэггүй, тус төвд орхисон нь ч бий. Үүнийгээ “Би залуу хүн. Хань, гэр бүлтэй болмоор байна. Хүүхдүүдээ аваад очвол хүлээж авахгүй” хэмээн тайлбарладаг аж.
Энэ нь хорооны хамтарсан баг үнэлгээ хийж, хүүхдүүдийг асрамжийн газар руу шилжүүлэхээсээ өмнө гэр бүлийг нь сайтар судалдаггүйг харуулж байна. Бодит байдалд хорооны Засаг дарга нь асуудлаас аль болох хурдан зугтахын тулд хамтарсан багаар үнэлгээ хийлгэсэн болж, дүүргийнхээ Засаг даргаар захирамж гаргуулдаг. Улмаар хүүхдийг тус төвийг бараадуулдаг аж. Дүүргүүдийн Засаг дарга нар хорооныхоо өрхийн асуудлыг шийдэхдээ ул суурьтай, няхуур, судалгаатай ханддаггүй. Хүсэлт гаргасан гэр бүлийн амьдрал, бодит байдлыг биечлэн очиж хараад, шийдвэр гаргах ёстой. Хэн дуртай нь эцэг, эх байх үүрэг хариуцлагаасаа татгалзаад хүүхдүүдээ асрамжийн газарт өгөөд байвал энэ улс хөгжихгүй.
Мөн асрамжийн газарт хэдэн хүүхэд амьдарч буйг, эцэг, эх байх эрхийг хязгаарласан хугацаанд хүүхдүүдтэй хэрхэн ажиллах төлөвлөгөө гаргах шаардлагатай. Орон нутгаас ирсэн зургаан хүүхдийн талаар аймгийн Гэр бүл, залуучуудын хөгжлийн газрынхантай холбогдоход “Бид эцэг, эхийг нь ажил хийлгүүлж байна. Удахгүй гэр оронтой болгоод хүүхдүүдийг нь буцааж авна” гэсэн хариулт өгчээ. Хүүхдүүд хэчнээн тав тухтай орчинд байсан ч эцэг, эхээ санаж, бэтгэрдэг. Тиймээс олон нийт Гэр бүлийн тухай хуулийг сайжруулж, нийгэмдээ “үйлчилдэг” цаг үетэйгээ нийцсэн байхыг хүсэж буй.
Ч.Ундрам: Хүүхэд хамгааллыг нэн тэргүүнд тавьсан
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг олон нийтээр хэлэлцүүлж буй. Уг хуулийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас цөөн асуултад хариулт авлаа.
-Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн гол санаачлагч нь та. Тиймээс эл хуулийн гол үзэл баримтлалын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталснаас хойш өнөөг хүртэл дорвитой өөрчлөлт оруулаагүй. Бусад хуулийг батлахдаа дагалдуулж, бага сага өөрчлөлт оруулсан. Гэхдээ Гэр бүлийн тухай хуульд тусгайлан анхаарч, ажиллаж, судлаагүй. Мөн 1999 оны нийгэм, өнөөгийн нөхцөл байдал газар, тэнгэр шиг болсон. Тиймээс хууль санаачлагчид Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд тулгуурлан зарим судалгаа хийсэн юм. Эндээс сэтгэл эмзэглүүлсэн зүйл бол гэр бүл салалтаас үүдэж хүүхэд хохирдог асуудал. Тиймээс бид хүүхэд хамгааллын асуудлыг нэн тэргүүнд тавьж, үзэл баримтлалдаа тусгалаа. Салж буй эр, эм бол нас биед хүрсэн хүмүүс. Тэгэхээр ард нь хоцорч байгаа хүүхэд л хамгийн хэцүү. Хүүхдэд олгож буй тэтгэлэг дэндүү бага учраас үүний хувь хэмжээнд анхаарсан. Тэтгэлэг нь амьжиргааны баталгаажих түвшний 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө. Үндэсний статистикийн хороо амьжиргааны доод түвшнийг Улаанбаатар, төв, хангай, баруун, зүүн бүсэд ойролцоогоор 220-240 мянган төгрөгөөр тогтоосон. Үүний тал хувь гэхээр хүүхэд 110 000 мянган төгрөгөөр амьдрах болж байна. Хүүхдийн сурч боловсрох эрх нээлттэй ч нэмэлтээр дугуйлан секцэд явна. Хувцас хэрэглэл авна. Магадгүй өвдөнө. Идэж уух, шим тэжээл авах гэх мэтчилэн наад захын хэрэглээнд хүрэхгүй. Тиймээс энэ асуудлыг хамгийн түрүүнд хөндөх ёстой гэж үзсэн.
-Тэтгэлгийг заавал төлүүлэхтэй холбоотой ямар заалт оруулав?
-Гэр бүл салсны дараа аавуудын 80 хувь нь хүүхдийнхээ тэтгэлгийн мөнгийг төлдөггүй. ШШГЕГ-т өчнөөн тэрбум төгрөг хуримтлагдсан. Зарим нь бүр усанд хаясан чулуу шиг алга болчихдог. Хүүхдээ хаяад ор сураггүй болдог. Тиймээс хүүхдийн тэтгэлгийн мөнгийг заавал төлүүлэх ёстой гэж үзсэн. Сэтгэл санааны хохирлыг нь бид шийдэж чадахгүй, ядаж санхүүгийн хувьд боломжтой нь тэтгэлгээ хангалттай өг гэж тодорхой заалтууд оруулаад байна.
-Орлогогүй аавыг хэрхэх вэ. Хуулийн өмнөх төсөлд Хүүхдийн тэтгэлгийн сан байгуулах заалт байсныг хассан харагдсан.
-Сан байгуулж, хүүхдийн тэтгэлгийн мөнгийг олгох боломжгүй. Яагаад бусдын хүүхдийн тэтгэлгийг бидний татварын мөнгөөр төлнө гэж. Тухайн хүн өөрийнхөө хүүхдийн мөнгийг өөрөө л төлөх ёстой. Хэрвээ орлогогүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр мөнгөө төлнө. Сан байгуулахыг дэмжихгүй. Хариуцлагагүй хүний өмнөөс хариуцлагатай аав, ээж хохирох ёсгүй. Арай дэндүү социалист үзэл болчихно. Тиймээс аавуудын орлоготой уялдуулж тэтгэлгийг тогтоосон. Бид ШШГЕГ, шүүхээс маш олон шийдвэр татаж судалсан. Сошиалаас мэдээлэл авч ажиллаагүй. Статистик мэдээлэлд тулгуурлаж ажилласан юм шүү. Зарим шүүхийн шийдвэрийг уншихаар сард 100 сая төгрөгийн орлоготой аав байна. Ногдол ашиг ч авдаг хүмүүс бий. Тийм хэрнээ хүүхдэдээ 110 мянган төгрөг л өгдөг. Тиймээс орлоготой нь уялдуулж энэ мөнгийг тогтоох ёстой.
-Хүүхдийн тэтгэлгийн 28 тэрбум төгрөгийн өр хуримтлагдсан юм билээ. Эдгээр мөнгөө өгдөггүй аавын амьжиргааны түвшнийг тогтоосон судалгаа байдаг уу?
-Амьжиргааны түвшин, ажилгүйдлийг хамтад нь судалсан. Гол шалтгаан нь мөнгөгүйдээ биш, хүсэхгүй байгаадаа өгдөггүй гэж харсан. Аав нар боломжтой. Гадаадын орнуудын жишгийг судлахад нэг бол тухайн хүний орлоготой, үгүй бол хүүхдэд гаргаж буй зардалтай нь тэтгэлгийг уялдуулдаг. Зардалтай уялдуулна гэдэг нь өмнө нь аав, ээж хамт байхдаа хүүхдээ хувийн сургуульд сургаж байсан бол үргэлжлүүлэх, тухайн үед юу эдэлж хэрэглэдэг байсан, түүнийг нь таслахгүй 18 нас хүртэл хангах зохицуулалт юм. Энэ хоёрын аль нэгээр нь шийдэх ёстой. Монголын нөхцөлд хүмүүсийн орлого тогтворгүй, заримдаа их, эсвэл бага байдаг. Тиймээс орлоготой уялдуулах нь зөв болов уу гэж харсан. Мөн хуулийн төсөлд үл маргах журмаар хүүхдийн тэтгэлгийг данснаас нь хасах заалт орууллаа. Яагаад гэвэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллаад ч тэтгэлгээ төлөхгүй бол дахин шүүхдэх асуудал гардаг. Ингэснээр сар бүр хэрүүл хийх шаардлагагүй. Хуулийн төслийг шүүмжилдэг судлаачид тодорхой шийдэл хэлээсэй гэж хүсэж байна. Бид эл хуулийн төслийг хангалттай хэлэлцүүлсэн.
-Гэр бүлийн тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар батлуулж амжих уу?
-Бид батлуулахын төлөө ажиллана. Яагаад гэвэл хүүхэд хамгаалал, эрхийг нь хангах, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах гол суурь нь Гэр бүлийн тухай хууль юм. Тиймээс нэг өдрийн өмнө ч гэсэн яаралтай батлах ёстой. Тэгж байж дээрх асуудлуудыг цогцоор шийднэ.