“Цалинтай ээж” гэсэн сүржин нэртэй, даржин хөтөлбөрийг манай улс хэрэгжүүлж эхлээд тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Эл хөтөлбөрийг улсын төсвөөс жил бүр санхүүжүүлж, гэртээ хүүхдээ хардаг ээж, аавуудад сар болгон цалин гэх 50 000 төгрөг олгодог. Эцэг, эхчүүд хүүхдээ гурван нас хүртэл нь ажил эрхлээгүй бол эл мөнгийг авах эрхтэй. Харамсалтай нь, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөд өдрөөс өдөрт дарлуулж байгаа монголчууд ийм хэмжээний мөнгөөр сар байтугай ганц өдөр амьдрахад ч хүнд боллоо. Тиймээс иргэд “Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50 000 төгрөгийг нэмэхийг та дэмжиж байна уу” гэсэн цахим санал асуулгыг УИХ-ын Тамгын газрын нийтийн өргөдөл, гомдлын систем буюу petition.parliament.mn цахим хуудсанд үүсгэсэн байна.
“Цалинтай ээж” гэж нэрлээд байгаа 50,000 төгрөгөөр сарын 30 хоногийн ядаж долоод нь хэрэглэх живх, эсвэл нэг сав хүүхдийн нэмэлт сүү ч авч хүрэхгүй. Нэг гэр бүлээс хоёулаа ажиллаад байхад л дундаж түвшний иргэд амьдралаа арайхийн авч явж байна.
Одоогоор 47 000 гаруй хүн уг саналыг дэмжихээ илэрхийлжээ. Санал асуулга дахиад 18 өдөр үргэлжилж, ирэх сарын 17-нд дуусах аж. Тэр болтол дээрх санал нь хуулийн төсөл санаачлах босго хэмээгдээд буй 100 000 хүний дэмжлэгийг лав хүлээх биз ээ. Гэхдээ үүнийг нэмэх нь зөв үү.
ИРЭХ ОНД 120 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАХ НЬ
2024 оны улсын төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Ирэх онд 120 тэрбум төгрөгийг “Цалинтай ээж” хөтөлбөрт зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ. Энэ бол ганцхан жилд “цацаад” өнгөрөх мөнгө. Үүнээс өмнөх жилүүдэд ч ийм маягаар төсвийн хөрөнгөөс зарцуулж ирсэн. Тодруулбал, 2018 онд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өдий хүртэл 507.3 тэрбум төгрөгийг үүнд зориулжээ. Үүн дээр ирэх оны төсвийг нэмбэл 627.3 тэрбум төгрөг болно. Хамрагддаг эцэг, эхийн тоо жилд ойролцоогоор 153 000-206 000 аж. Тэдний 4000 орчим нь аав, үлдсэн буюу дийлэнх хувь нь ээжүүд. Улсын төсвөөс уг хөтөлбөрт зарцуулсан нийт мөнгөн дүнг харвал үнэхээр л төр, засаг эцэг, эхчүүдийг тэтгээд байгаа мэт боловч цалин нь эздэдээ очихоор ямар ч нэмэр болдоггүй.
Үнэндээ бол “Цалинтай ээж”-ийн мөнгө нь цалин биш, дэмжлэг бүр ч биш. Харин эрх баригчдын хавтгайруулсан, нэр төдий халамжуудын нэг гэхэд болно. Тодруулбал, уг хөтөлбөр нь МАН-ын 2016 оны сонгуульд оролцохдоо иргэдийн саналыг авахын тулд амласан халамжуудынх нь нэг байсан юм. Улмаар МАН тухайн оны сонгуулийн дараа УИХ-д үнэмлэхүй олонх болж, Засгийн газраа бүрдүүлж байв. Ингээд 2016 оны аравдугаар сарын 18- нд Засгийн газрын хуралдаанаар дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан билээ. Цаашлаад Эх, эцэг, олон хүүхэдтэй эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг 2017 оны зургаадугаар сарын 30-нд УИХ баталсан. Үүний дагуу 2018 оны нэгдүгээр сараас дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлж, ээжүүдэд мөнгө тарааж эхэлжээ. Анх улирал тутам зөвхөн ээжүүдэд мөнгө өгдөг байснаа дараа нь сар бүр олгодог болсон. Бас анх зөвхөн ээжид олгодог байснаа 2021 онд дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хүүхдээ гурван нас хүртэл нь асарсан аавуудад ч олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон тус яамныхан нэг хэсэгтээ л ярьж, шоудаж байв.
“50 000 ТӨГРӨГ ЦАЛИН БИШ”
Ер нь сард 50 төгрөгөөр бид яаж амьдарч болох вэ, ялангуяа хүүхэдтэйгээ. Жишээ нь, хамгийн хямдад тооцогддог “Атар” талхны үнэ 2300 төгрөг байна. Хоногт нэг талх авлаа гэхэд сар амьдарч чадахгүй мөнгө шүү дээ. Хүүхдийн живх чанар, хэмжээнээсээ хамаараад дунджаар нэг ширхэг нь 2000 төгрөг. Тэгэхээр ээж, аавын цалингаар ойролцоогоор 25 ширхгийг авна. Хүүхэд өдөрт багадаа 2-3 живх хэрэглэнэ гэж тооцвол энэ цалингаараа 10 хоног ч “тэсэж” чадахгүй нь. Үүний талаар хөтөлбөрт хамрагдсан иргэд ч байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, “Цалинтай ээж” гэж нэрлээд байгаа 50 000 төгрөгөөр сарын 30 хоногийн ядаж долоод нь хэрэглэх живх, эсвэл нэг сав хүүхдийн нэмэлт сүү ч авч хүрэхгүй. Нэг гэр бүлээс хоёулаа ажиллаад байхад л дундаж түвшний иргэд амьдралаа арайхийн авч явж байна. Тийм байхад нэг нь хүүхдээ өсгөөд гэртээ байхаар амьдралын түвшин улам л муудна. Ийм учраас ээжүүд хүүхдээ харж чадалгүйгээр ажилдаа ордог. Улс орныхоо ирээдүйн эздийг тээж, төрүүлж, өсгөж хүмүүжүүлэхээр гэртээ сууж байгаа ээж нарыг сэтгэл амар байх хэмжээний цалинтай болгож өгнө үү. 50 000 төгрөг бол цалин биш” гэж нийтийн өргөдөл, гомдлын системд “Цалинтай ээж” хөтөлбөрийн мөнгөн дүнг нэмэх талаарх цахим санал асуулга үүсгэсэн иргэн тодотгосон байлаа.
Үнэхээр ч цалин гэхэд хэцүү юм. Улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өдгөө 550 000 төгрөг байна. Хүн амын амьжиргааны баталгаажих түвшин энэ онд Улаанбаатар хотын иргэдийн хувьд 277 800 төгрөг байхаар Үндэсний статистикийн хорооноос тогтоосон. Гэтэл дундаж цалинд хүрэх нь байтугай амьжиргааны баталгаажих түвшнээс тав дахин бага мөнгийг “цалин” хэмээн өргөмжилж, бас хүүхдээ хардаг эцэг, эхчүүдийг тэжээн тэтгэсэн мэтээр ярихаасаа эрх баригчид ичих хэрэгтэй.
ЦААШИД ЯАХ ВЭ
Өмнө дурдсанаар ирэх онд хүүхдээ харсан ээж, аавуудад улсын төсвөөс 120 тэрбум төгрөг өгнө. Энэ нь тэдэнд төдийлөн нэмэр болохгүй, дэмий шахам үрэгдээд л өнгөрнө. Тэгвэл уг мөнгийг олон хүнд тараалгүйгээр үр дүнтэй зарцуулах боломж бий юү. Жишээ нь, ирэх оны улсын төсвийн төсөлд 140 тэрбум төгрөгийг Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв барихад зориулан тусгажээ. Бас нэгэн жишээ дурдахад, нийслэлд хүүхдийн сэргээн засах “Эрүүл үрс” төвийн 80 ортой барилгыг 14.9 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөсөн байв. Сонгинохайрхан дүүрэгт нэг сургуулийг 13 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөжээ. Баянзүрх дүүрэгт нэг цэцэрлэгийг 6.1 тэрбум төгрөгөөр барихаар төсөвт тусгасан байна. Эдгээр тоог жишиг болгон тооцвол зөвхөн нэг жилд 20 гаруй цэцэрлэг, 10 орчим сургууль барих мөнгийг “Цалинтай ээж” хөтөлбөрт зарцуулдаг болж таарах юм. Бас хөтөлбөрийг хэрэгжүүлсэн мөнгөөр хүүхдийн томоохон эмнэлэг жил бүр нэгийг барьсан ч хангалттай хүрэлцэх байж. Үүнийг хэрэгжүүлж чадсан бол ядаж л ханиад, томууны улирлын үеэр хүүхдүүд эмнэлгийн шалан дээр хэвтэхгүй байв.
Аль аль талдаа ашиггүй мөртлөө төсвийн хөрөнгийг цаашид урсгаад байх уу. Эсвэл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн хүссэн шиг цалингийн хэмжээг нэмэх үү. Тэд болохоор “Нийгмийн даатгал төлдөг хэмжээнээс нь хамаараад үе шаттайгаар цалинг нэмж олгохыг хүсэж байна” гэж цахим өргөдөлд дурдсан байх юм. Мэдээж эцэг, эхийн аль нэг нь заавал гэртээ хүүхдээ харах нөхцөлийг Монголын нийгэм тулгаад байгаа нь үнэн. Тэгэхээр хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөх нөхцөлийг нь бүрдүүлэхэд анхаарвал яасан юм бэ.
Эх, эцэг, олон хүүхэдтэй эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд зааснаар бол 0-3 хүртэлх настай хүүхдээ асарсны тэтгэмж буюу “Цалинтай ээж” нь хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих, эх, нялхсын эрүүл мэндийг сайжруулах, бага насны хүүхэдтэй өрхийн амьжиргааг дээшлүүлэхэд дэмжлэг болох зорилготой аж. Гэхдээ хүн амаа өсгөхийн тулд ээж, аавуудад сар бүр 50 000 төгрөг өгөх нь хангалтгүй. Тэглээ ч ийм мөнгөний төлөө хүүхэдтэй болдог хүн байхгүй. Өдгөө манай улсад юу юунаас илүү дутагдсан нийгмийн дэд бүтцийг сайжруулж, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх л чухал юм.
Бэлтгэсэн: М.Оч