Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа амралтын өдрүүдэд нийслэл хотод асрамж, халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Цөлийн сарнай, Бадамлянхуа төвүүд болон Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Зөв амьдрах ухаан төрийн бус байгууллагад 18 гэр бүл, 40 гаруй хүүхэд байршиж байна. Энэ төвийн хувьд гэр бүлээр нь нийгмийн амьдралд бэлтгэдэг онцлогтой. Тодруулбал, орон гэргүй, архи мансууруулах бодист донтсон, засан хүмүүжүүлэх ангиас суллагдсан, өнчин ядуу бүх насны иргэдийг дахин нийгэмжүүлэх, ажил хөдөлмөр эрхлүүлэх, сэтгэл зүйн сургалт олгож нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалж, бүтээлч иргэн болгон ажлын байраар хангаж, хамтдаа ажиллаж хөдөлмөрлөх боломжийг олгодог.
Асрамж халамжийн төвөөс үйлчилгээ авч буй зарим ахмадын хувьд тэтгэврийн мөнгөө авч чаддаггүй зэрэг асуудал үүсдэг байна. Учир нь бичиг баримтын зөрчлөөс гадна үр хүүхдүүд нь банкны картыг нь өгөлгүй хувьдаа ашиглах тохиолдлууд гарах болжээ. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа эдгээр асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, тэтгэвэр тэтгэмжийг ахмадад өөрт нь олгуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.
Үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын төлөөллөөс хүүхдийн эрх зөрчигдөх, хүчирхийлэлд өртөх гол шалтгаан нь архидалт гэдгийг онцолж байв. Мөн асрамжийн төвд байгаа хүүхдүүдийг сургууль завсардалтад өртүүлэхгүйн тулд албан болон албан бус сургалтын төвд сургадаг ч ялгаварлан гадуурхахаас эхлээд олон бэрхшээл тулгардаг талаар дурдлаа. Тулгамдаж буй асуудлуудаас онцгойлон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргаа сувилгаа, эцэг эхийн хариуцлагын талаар тодорхой кейсүүдийг танилцуулав.
Цаашид асрамж халамжийн төвүүдийг төрөлжүүлэх, онцлогт нь нийцүүлэн бодлого боловсруулах чиглэлээр нэгдсэн уулзалт зохион байгуулахаар боллоо.