“Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт Шадар сайдын ажлын алба болон Стандарт, хэмжил зүйн газар хамтран зохион байгуулжээ. Манай улсын барилгын салбарт ашиглаж буй материалын 67 хувийг импортоор авч буйг энэ үеэр мэргэжилтнүүд дурдав. Түүнчлэн зах зээлд борлуулж буй бүтээгдэхүүний 40 хувь нь стандартын шаардлага хангахгүй, чанаргүй байгааг БХБЯ-наас мэдээллээ. Үүний улмаас суурьшлын бүсийн хүн амын дунд шалтгаангүйгээр бие сульдах, тавгүйрхэх нийтлэг зовуурь илрэх болсон гэж Шадар сайд хэлэв. Энэ нь хар тугалга агуулсан барилгын материалтай холбоотой аж. Түүнчлэн улсын хилээр оруулж буй барилгын материалын чанар, стандартыг нарийвчлан тогтоож, үнэлгээ, дүгнэлт гаргадаг лабораторийн хүчин чадал муу, чанаргүй материал ашигласанд хэн ч хариуцлага хүлээдэггүй нь эрсдэл үүсгэж буйг “Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл” ТББ-аас илэрхийлэв. Тиймээс барилгын материал импортлохдоо гаалийн лабораториор сайтар шалгах, хүчин чадлыг нь сайжруулах, чанарын шаардлага хангаагүй материалыг хилээр нэвтрүүлэхгүй байхыг Барилгын хөгжлийн төв хариуцах, төрийн байгууллага, мэргэжлийн холбоод, мэргэжилтнүүд багтсан ажлын хэсэг байгуулахаар болжээ.