Улаанбаатар Монгол Улсын нийслэл бөгөөд Монгол улсын цорын ганц саятан хот юм. 1992 оны шинэ нутаг дэвсгэрийн хуваариар үндсэн 6, дагуул 3, нийт 9 дүүрэгтэй, нутаг дэвсгэрийн хэмжээ 4,704.4 км2 газартай. 2022 оны эцсээр 1,691,766 хүн оршин сууж байна.
Улаанбаатар хот Монгол Улсын төв хэсэгт хуучнаар Алтан тэвшийн хөндий, өнөөгийнхөөр Туул-Сэлбийн гол бэлчир хөндийд, далайн түвшнээс дээш 1300-1350 метр өндөрт Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй уул, Баянзүрх дөрвөн уулаар хүрээлэгдэн оршдог.
1639 онд Ширээт цагаан нуурт Өндөр гэгээнийг залж орд өргөө боссоноор Улаанбаатар хотын өмнөх суурин байгуулагджээ. 1778 он хүртэл олон газар нүүдэллэж байгаад одоогийн байрлалдаа тогтсон. Өмнө нь шашин, худалдааны төв байсан бол 1911 оноос улсын нийслэл болж, XX зуунд барилгажиж, аж үйлдвэржиж, XXI зуунд их хотын төрх бүрдэж байна. Улаанбаатар Монгол Улсын улс төр, эдийн засаг, соёл, технологийн төв юм.
1639 онд Ширээт нуурын газар Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж орд өргөө барьсан нь өргөжсөөр Улаанбаатар болжээ. Түүхэндээ хэдэн нэрийг үдсэн. 1639 оноос Өргөө, 1651 оноос Номын хүрээ, 1706 оноос Их хүрээ, 1912 оноос Нийслэл хүрээ хэмээж байгаад 1924 оноос хойш Улаанбаатар гэж нэрийдэх болов.
XX зууны эхэнд Улаанбаатар хотыг Богдын хүрээ, Да хүрээ, Хүрээ гэхэд ойлгодог байсан. Одоо үед хотын нэрийг УБ, Нийслэл, Хот гэж товчлон ярихад тодорхой танина.
Өрнө дахин дахь орнууд, түүний дотор оросууд 1924 он хүртэл Улаанбаатар хотыг Урга (Urga) (Өргөө гэсэн үгнээс) гэж нэрлэж байсан. 1925 оноос хойш Оросоор Улан-Батор (Ulan Bator) гэж нэрлэх болсон. Англи хэлэнд Ulan-Bator гэсэн хэлбэр түгээмэл хэрэглэгддэг байсан ч орчин цагт Ulaanbaatar гэсэн хэлбэр түгээмэл болж байна. Ийн өнөө жил Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот 384 "нас хүрлээ".