Хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааныг НЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Мөн УБЗАА-наас хотын тохижилт, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, иргэдэд ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Манай хороо-Миний гудамж” аяныг зургаа дахь жилдээ зохион байгууллаа. Ийнхүү өнөөдөр “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны болон “Манай хороо-Миний гудамж” аяны шилдгүүд тодорсон юм.
Арга хэмжээг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 384 жилийн ойн мэндийг хүргэлээ. Тэрбээр үргэлжлүүлэн “Иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог дэмждэг тус уралдаан, аяныг илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг болно. Хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг стандартад нийцүүлж, асуудлуудыг энэ өвөлдөө багтаан шийднэ. Нийтийн тээврийн иж бүрэн шинэчлэлийг хийж, стандартын шаардлага хангахгүй автобуснуудыг үйлчилгээнээс хасна. Мөн иргэдэд нийтийн тээврийн ухаалаг төлөвлөлтийг танилцуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн богино эргэлтийг бий болгож, гар утаснаасаа төлбөр төлөх боломжийг бүрдүүлнэ. Түгжрэлийг 30 орчим хувиар бууруулах богино хугацааны төлөвлөлтийг бэлтгэж байгаа. Нийслэлчүүдийнхээ эрүүл, аюулгүй, цэвэр цэмцгэр амьдралын төлөө цаг наргүй ажилладаг хороо, дүүргийн хот, нийтийн аж ахуйн чиглэлээр ажилладаг та бүхэнд талархал илэрхийлье. Нийслэл Улаанбаатар хот, дүүрэг, хорооныхоо хөгжил дэвшлийн төлөө хувь нэмрээ оруулж хамтран ажиллая” хэмээсэн.
“Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааныг 2013 оноос хойш нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны дунд зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 100 гаруй хороо, хэсгийн ахлагч нарын баг шагнал хүртээд байгаа юм. Шилдэг хороог 18 бүлгийн 106 шалгуур үзүүлэлтээр, хэсгийн ахлагч нарын шилдэг багийг 14 бүлгийн 35 шалгуур үзүүлэлтээр дүгнэж шалгаруулдаг.
Шилдэг хороо, хэсгийн ахлагч нарын шилдэг багийг шалгаруулж, урамшуулснаар хүн ам, өрхийн мэдээллийн сан, анхан шатны мэдээлэл баяжиж, хороодоос гардаг албан ёсны болон захиргааны тоон мэдээллийн бодит байдал, чанар сайжирч байна. Түүнчлэн хорооноос үзүүлж байгаа төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, үйлчилгээний чанар, сэтгэл ханамжийн байдалд иргэдийн үнэлгээ, санал сэтгэгдлийг авч, хариуцсан нутаг дэвсгэрт улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй бүтээн байгуулалтад Хотын стандартын хэрэгжилтийг хангуулах талаар хяналт тавьж хэвшсэн зэрэг эерэг үр дүн гарч байгаа юм.
Харин “Манай хороо-Миний гудамж” аяны шилдгүүдийг 108 шалгуур үзүүлэлтээр шалгаруулдаг. Аяны хүрээнд иргэд 735 сая төгрөг, аж ахуйн нэгж байгууллагууд 4.3 тэрбум төгрөг, СӨХ-д 2.1 тэрбум буюу нийт 7.2 тэрбум төгрөгийн тохижилт, бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн. Мөн 1.1 сая гаруй мод тарьж, хүүхдийн 58 тоглоомын талбай, спортын 69 талбай, бичил амралтын 67 талбай, явган хүний 99.2 мянган ам метр зам, дугуйн 10.1 км зам, автобусны 51 зогсоол, 4822 гэрэлтүүлэг шинээр нэмэгдсэн нь аяны үр дүнг илтгэнэ.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Манай хороо-Миний гудамж” аян нь иргэд, орон нутгийн оролцоог идэвхжүүлэх зорилготой бөгөөд жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэдэг. Хамгийн гол нь төсвийн бус санхүүжилтийн эх үүсвэрээр өөрсдийн амьдарч байгаа газраа тохижуулсан ажлыг үнэлж байгаа юм. Энэ жил Баянзүрх дүүрэг хамгийн их хөрөнгө оруулалт, тохижилтын ажлыг санаачилж хийсэн тул шилдгээр шалгарсан. Мөн Налайх дүүрэг хотын соёлыг сурталчлах ажилд идэвхтэй оролцож, хоёрдугаар байр эзэллээ. Сонгинохайрхан дүүрэг цэвэрлэгээ, үйлчилгээгээ үр дүнтэй зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажилласнаар гуравдугаар байрт шалгарсан” хэмээв.
Шилдэг СӨХ-оор шалгарсан Баянзүрх дүүргийн 16-р хорооны “Улаанхуаран” СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Янжмаа:
-Манай СӨХ 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Би СӨХ-ны захирлаар 20 гаруй жил ажиллаж байна. Орон сууцны барилгын “хувь заяа” СӨХ дээр тулгуурладаг. “Манай хороо-Миний гудамж” аяны хүрээнд орчноо тохижуулж, мод, ногоон байгууламж тарьсан. Тодруулбал, 60 гаруй мод тарьж, 400 ам метр газар явган хүний зам тавьж, цэцэрлэгжүүлэлт хийсэн. Мөн нийслэл, дүүргээс хийж өгсөн ногоон байгууламжийн арчилгаа, усалгаа, хамгаалалтын ажлыг хийж байгаа. Түүнчлэн иргэд маань тусалж, дэмжсэнд талархал илэрхийлье хэмээлээ.
Шилдэг өрхийн тусгай байрт шалгарсан Багануур дүүргийн 5-р хорооны иргэн Д.Ганхуяг “Гэр хороолол гэхээр л шороо тоостой байх албагүй. Ногоон байгууламжийг нэмэгдүүлснээр шороо тоосгүй байх боломжтой. Дүүрэг, хорооноос дэмжлэг үзүүлж, мөн мод, сөөг, жимс, ногоо тарьж ургуулах, эко хэрэглээтэй болох зорилготой аянд нэгдсэн. Хүү маань тохижилтын ажил хийхэд тусалсан” гэсэн юм.
Шилдэг орон сууцны хороогоор гуравдугаар байрт шалгарсан Хан-Уул дүүргийн 3-р хорооны Засаг дарга Д.Мөнхбаяр “СӨХ, иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, дэмжлэгтэйгээр энэ шагналыг хүртлээ. Манай хорооны онцлог нь 400 орчим аж ахуйн нэгжтэй учраас тэд маань өөрсдийн зардлаар бүтээн байгуулалтын олон ажил хийсэн” гэв.