Монголбанкны санаачилгаар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монголын Үндэсний худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран “Монгол-Солонгосын хамтын ажиллагаа: Өнөө ба ирээдүй” Олон Улсын Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуул байна. Эрдэм шинжилгээний хурлын нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд оролцож, хэлсэн үгэндээ, Өнөөдрийн байдлаар БНСУ-д 37.7 мянган Монгол иргэн албан ёсоор хөдөлмөр эрхэлж байгаа бол Монгол Улсад 1816 Солонгос иргэн оршин сууж байна. Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эрхлэх асуудлын хүрээнд БНСУ-тай хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын асуудлаар олон жил хамтран ажилласан, арвин туршлагатайг онцлон тэмдэглэсэн.
Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тухай тогтолцоо” Санамж бичгийг 2004 онд байгуулан, хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хөдөлмөрийн гэрээгээр буюу Е-9 визний ангиллаар 2004-2022 онд БНСУ-д нийт 36,467 иргэн, ажиллах хүчийг илгээсэн байна.
Түүнчлэн Монгол Улс болон БНСУ иргэдийнхээ нийгмийн харилцаанд харилцан тэгш эрхтэй байх, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор 2006 оноос эхлэн нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулахаар хүчин чармайлт тавьж ажилласны үр дүнд 2007 онд “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс Засгийн газар болон БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү хэлэлцээрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал дээрх Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавилаа.