Өмнөговь аймаг дахь зэвсэгт хүчний 167 дугаар ангид алба хааж байсан Дундговь аймгийн харьяат цэрэг 2022 оны долоодугаар сарын 13-нд цэргийн ангиас гадуур ажиллаж байх үедээ шинээр ашиглалтад оруулах гэж байсан, тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбатын эзэмшлийн 15 давхар барилгаас унаж нас барсан хэрэг олны анхааралд өртөж байсан. Эл золгүй явдалтай холбогдуулан тухайн ангийн удирдах албан тушаалтнуудыг хууль сахиулах байгууллагад шалгаж, яллагдагчаар татсан юм. Тухайлбал, зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч асан, хурандаа Ж.Амаржаргалыг холбогдох хууль тогтоомж, журам зөрчиж, албан тушаалаа урвуулан 2022 оны дөрөвдүгээр сарын 8-нд “Говийн очир огтлогч” ХХК-тай хугацаат цэрэг ажиллуулах тухай гэрээ байгуулж, гурван сарын хугацаанд ангийнхаа хугацаат цэргийн алба хаагчдыг тоосгоны үйлдвэрт ажиллуулсан хэмээн буруутгасан. Цэргийн анги байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулах журамд зааснаар ротоос бага бүрэлдэхүүнтэйгээр цэргийн анги, байгууллагыг аж ахуйн ажилд оролцуулахыг ЗХЖШ-ын дарга, Батлан хамгаалахын сайдтай зөвшилцөж шийдвэрлэхээр заасан.
Гэтэл ЗХЖШ, БХЯ-ны удирдлагаас зөвшөөрөл авалгүй хувийн тоосгоны үйлдвэрт цэрэг ажиллуулсан нь тогтоогдсон учраас хурандаа Ж.Амаржаргалд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг өнгөрсөн зургаадугаар сард хэлэлцээд Ж.Амаржаргалыг цагаатгасан аж. Шүүхийн эл шийдвэрийг прокурор эсэргүүцэж, Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаны дагуу энэ оны есдүгээр сарын 12- нд хянаад анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон байна. Шүүгдэгч Ж.Амаржаргал нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хандсан ч амжилт олсонгүй. Дээд шүүх түүний гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар хугацаат цэргийн алба хаагчдыг хууль, журам зөрчиж, хувийн компанид ажиллуулсан хурандаа Ж.Амаржаргалд холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хянан шийдвэрлэхээр боллоо.