Нийслэлийн хэмжээнд энэ он гарснаас хойш гал түймрийн 1308 дуудлага бүртгэгджээ. Үүний улмаас23 хүн амиа алдсан байна. Ялангуяа сүүлийн үед гэр хороололд гэр, амины сууц, орон сууцын хорооллын хогийн цэг шатсан гэх дуудлагын тоо нэмэгдэж, иргэд эрүүл мэнд, амиараа хохирох тохиолдол гарч байгааг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлэв. Тухайлбал, энэ сарын 23-ны 22.57 цагт Баянзүрх дүүргийн 37 дугаар хороонд таван ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж, хоёр иргэн амиа алдсан байна. Түүнчлэн зуслангийн бүсэд түймэр гарах нь нэмэгджээ. Тодруулбал, энэ сарын 24-нд зуслангийн айлууд хашааны шар өвсөө шатааж гал алдсан тав, орон сууцын хорооллын хогийн цэг шатсан гурван тохиолдол гарсан гэнэ.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьт, Сонгинохайрханы 34 дүгээр хороонд шар өвс шатаасны улмаас гал алджээ. Нийслэлийн ногоон бүс, зуслан орчимд хуурайшилт ихтэй, түймрийн эрсдэл өндөр байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж буй. Иймд иргэд ногоон бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг ханган, гэр хороолол, зуслангийн айлууд хашааны шар өвсийг шатаахгүй байхыг, халуун үнс нурмыг таглаатай төмөр саванд хийхийг онцгой байдлын байгууллагаас зөвлөлөө. Ташрамд дурдахад, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн нутагт энэ сарын 22-нд гарсан ойн түймрийг орон нутгийн онцгой байдлын алба болон ойр орчмынх нь аж ахуйн нэгж, байгууллагынхан хамтран гурав хоногийн дараа бүрэн унтраасан бөгөөд 18 га талбай галд өртжээ.
Бэлтгэсэн: М.Оч