Улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг (RFID) ирэх сарын 1-нээс ашиглаж эхэлнэ гэдгийг ЗТХЯ-наас мэдээллээ. Эхний ээлжид хилийн боомтууд дээрх тээврийн хэрэгслүүдэд үүнийг наахаар төлөвлөж буй гэнэ. Мөн орон нутгийн авто тээврийн хэрэгслийн оношилгооны төвүүдэд наана гэдгийг тус яамны Авто тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан дурдав.
Энэхүү цахим гэрчилгээг тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх технологи гэхэд болох юм байна. Тухайлбал, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийн нэгдсэн сан үүсгэх нь. Өдгөө замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн 65 орчим хувийнх нь татвар, даатгалыг төлж, барагцаалбал 60 хувийг нь техникийн хяналтын үзлэгт оруулж, 20 гаруй хувийнх нь л торгуулийг төлдөг аж. Ийм цахим гэрчилгээтэй болсноор холбогдох төрийн байгууллагууд дээрх мэдээллийг нэгтгэн харах боломж бүрдэх нь. Энэ нь ямар нэгэн чип, байршил тогтоогч биш бөгөөд тухайн радио долгионы давтамжтай цэгт, орон нутгийн төлбөр авах цэгүүдээр тээврийн хэрэгсэл зорчиж өнгөрсөн, татвар, даатгал, оношилгоо, техникийн хяналтын үзлэгтээ орсон уу гэдгийг л мэдээлнэ гэв. Эл ажлыг ЗТХЯ, “Бодь электроникс” ХХК хамтран хэрэгжүүлж буй аж. Үүнийг наахад иргэдээс төлбөр авахгүй, орон нутгийн авто тээврийн оношилгооны төвүүдэд тээврийн хэрэгслийн гэрчилгээтэйгээ очиж наалгахад болох гэнэ. Мөн татвар, даатгал, торгууль зэрэг ямар нэгэн төлбөр төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй аж. Үүнд нэг минут орчим хугацаа зарцуулах юм байна.
Ташрамд дурдахад, RFID технологийг олон улсад 1950 оноос эхлэн ашиглаж иржээ. Монгол Улсын хэмжээнд 1.18 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй агаад бүртгэл хөдөлгөөнийг нь хянахад дээрх технологи тохиромжтой гэсэн судалгааны үр дүн, зөвлөмж гарсан гэнэ. Одоогоор нийслэлийн хэмжээнд 430 орчим цэгт RFID уншигч төхөөрөмж суурилуулжээ. Цаашид олон улс, улсын чанартай 7500 км авто зам дахь төлбөр авах 33 цэгт суурилуулахаар төлөвлөж буй юм байна.
Бэлтгэсэн: Б.Сонор