Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг шинэчлэн баталжээ. Ингэснээр нийслэлийн орон сууцын айл өрхүүдийн цэвэр, бохир усны төлбөр ирэх сарын 1-нээс шинэчилсэн тарифаар бодогдож эхлэх нь. Орон сууцын айлуудын хэрэглээний цэвэр усны төлбөр нэг литр нь 1.34 төгрөг болжээ. Энэ нь өмнөхөөс 27 мөнгөөр нэмэгдсэн дүн аж. Аж ахуйн нэгжүүдийн хувьд цэвэр усны литр тутамд 2.69 төгрөг төлөх нь. Хамгийн их ус хэрэглэдэг спирт, архи, пиво, усны үйлдвэр, машин угаалгын газрууд нэг литр ус тутамд 3.56 төгрөг төлөх юм байна. Эдгээр нь өмнөхөөс 62-80 мөнгөөр нэмэгдсэн үнэ гэнэ. Бохир ус татан зайлуулах төлбөр нь нэг литр тутамд айл өрхийнх 1.07, аж ахуйн нэгжийнх нь 2.25 төгрөг болсон нь өмнөхөөсөө 20-45 мөнгөөр нэмэгдсэн дүн аж. Харин гэр хорооллын худгуудын усны тарифыг нэмээгүй, литр тутамд нь хоёр төгрөг хэвээр үлдээжээ.
Улаанбаатар хотод усны үнийг нэмэх болсон шалтгааны талаар Хот, суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Доржбатаас тодруулахад “Монгол Улсын Засгийн газар болон АНУ хоорондын Мянганы сорилтын компакт гэрээний дагуу үнэ нэмэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр айл өрхүүдийн хувьд усны сарын хэрэглээний төлбөр өмнөхөөсөө 2000-3000 төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцож байна. Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд манайд олон шинэ тоног төхөөрөмж суурилуулж, ус цэвэршүүлж, дахин ашиглах үйлдвэр зэргийг барьж буй. Гэрээнд усны орлого нь зарлагаа нөхөх хэмжээнд байх ёстой гэж тусгасан” гэв.
Ташрамд дурдахад, үүнээс өмнө 2021 онд дээрх хорооноос Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг шинэчлэн баталжээ. Уг тарифыг 2022 оны нэгдүгээр сараас өдий хүртэл мөрдөж буй юм байна.
Бэлтгэсэн: М.Оч