“Денвер наггетс”-ийн тоглогчид багийнхаа түүхэн дэх анхны аваргын цомыг өргөснөөс хойш дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрчээ. Тэгвэл сүүлийн хэдэн жилийн хамгийн сонирхолтойд тооцогдох шинэ улирал өнөөдөр эхэлж байна.
Өнгөрсөн зун NBA-д “ажиллах хүчний” олон өөрчлөлт гарав. Тухайлбал, Д.Лиллард “Портлэнд”-ийг, Б.Бил “Вашингтон”-ыг орхиж, “Сан-Антонио” баг лигийн ирээдүй болох учиртай В.Вембаньямаг авчээ. Мөн К.Пол “Голден стэйт”-дирсэн бол Ж.Харден “Филадельфи” -тэй “муудалцсан” хэвээр, удахгүй багаа солих нь тодорхой болов.
Ингээд 2023-2024 оны улирлын тухай таны мэдэх ёстой гол мэдээллүүдийг багцлан хүргэе.
УЛИРЛЫН ДУНДАХ ТЭМЦЭЭН
Хөдөлмөрийн шинэ гэрээ хүчин төгөлдөр болохтой зэрэгцээд хэрэгжиж эхэлсэн нэг гол өөрчлөлт бол улирлын дундуур зохион байгуулах тэмцээн юм. Лигийн 30 багийг санамсаргүй түүврийн аргаар зургаан хэсэгт хуваасан бөгөөд тэд арваннэгдүгээр сарын 3-28-ны хооронд хэсгийнхээ дөрвөн өрсөлдөгчтэй тус бүр нэг удаа тоглоно. Хэсгээ тэргүүлсэн баг нь хасагдах шатанд шалгарах ёстой. Тэдэн дээр хэсэгтээ хамгийн сайн үзүүлэлттэй хоёр баг нэмэгдэх юм. Улмаар хасагдах шат олимпын системээр явагдана. Шөвгийн наймын тоглолт арванхоёрдугаар сарын 4-5, хагас шигшээ 7-нд, финал 9-нд болно. Гэхдээ финалаас бусдыг улирлын тоглолтын тоонд оруулж тооцно гэдгийг онцолъё. Тиймээс улирлын дундах тэмцээний аварга болон дэд аварга баг энэ улиралд 82 бус, 83 тоглолтод оролцох юм.
Эл тэмцээний ялагч багт тусгай цом гардуулах аж. Мөн хамгийн үнэ цэнтэй тоглогч, Бэлгэдлийн багийг тодруулахаас гадна баг бүр эзэлсэн байраасаа хамаарч мөнгөн шагнал хүртэнэ. Мөн тоглогч бүр 500 мянган ам.доллар өвөртлөх нь.
ТОГЛОХГҮЙ БОЛ ШИЙТГЭНЭ
Энэ улиралд лигийн удирдлагын зүгээс “ачааллын менежмент”-ийн маш хатуу бодлого баримтална. Улирлын гол шагналыг хүртэх, бэлгэдлийн багт нэрлэгдэх эрхтэй болохын тулд тухайн тоглогч 65 тоглолтод заавал оролцсон байх ёстой. Түүнчлэн багууд од тоглогчоо олон өдөр амраах эрхгүй болов.
Дараах тохиолдолд лигийн зүгээс шалгалт хийнэ.
- Үндэсний телевизээр дамжуулсан тоглолт, эсвэл улирлын дундах тэмцээнийг од тоглогч өнжсөн
- Од тоглогчийг яагаад амраасан талаар баг хангалттай шалтгаан, нотолгоо гаргаагүй
- Нэг багийн хэд хэдэн од тоглогч талбайд гараагүй
Ташрамд дурдахад, сүүлийн гурван жилд бэлгэдлийн багт нэрлэгдсэн, “Бүх оддын тоглолт”-д оролцсон бол од тоглогч гэсэн ангилалд багтах юм. Хэрэв од тоглогч гэмтэл бэртэлгүй ч амрах шаардлагатай бол ордонд заавал байх, үзэгчдэд харагдах ёстой. Эдгээр шаардлагыг биелүүлээгүй бол тухайн багийг эхний удаад 100 мянга, дараагийн зөрчил тус бүрийг 250-иас нэг сая хүртэлх доллароор торгоно. Гэхдээ долоо хоногт хоёр өдөр дараалж тоглосон тохиолдолд зарим хөнгөлөлтийг од тоглогч эдлэх боломжтой юм. Энэ мэт хатуу шаардлага нь тоглогчдод таалагдахгүй байгаа ч гэмтээгүй л бол заавал тоглох ёстой гэж NBA-ийн удирдлага үзэж байна.
БУСАД ШИНЭЧЛЭЛ
2023-2024 оны улиралд лиг хоёр шинэ дүрмийг хэрэгжүүлнэ. Нэгдүгээрт, флоппинг буюу “жүжиглэсэн” тохиолдолд тухайн тоглогчийг техникийн алдаагаар шийтгэж, эсрэг багт нь торгуулийн шидэлт хийх эрх өгнө. Хоёрдугаарт, дасгалжуулагчийн эхний чэлленж амжилттай болсон бол дахин чэлленж авах эрхтэй болно.
ОНЦЛОХ ОГНОО
- X.25 Шинэ улирал эхэлнэ
- XI.3 Улирлын дундах тэмцээн эхэлнэ
- XII.9 Улирлын дундах тэмцээн дуусна
- XII.25 Зул сарын баярын тоглолт
- (Бакс-Никс,
- Уорриорз-Наггетс,
- Селтикс-Лейкерс,
- Сиксерс-Хит, Маверикс-Санс)
- I.11 Парист үзүүлэх тоглолт
- (Нетс-Кавальерс)
- II.8 Солилцооны төгсгөл
- II.16-18 Бүх оддын тоглолт (Индианаполис)
- IV.14 Улирлын тоглолт дуусна
- IV.16-16 Плей-ин тоглолтууд
- V.12 Драфтын сугалаа
- VI.6 Финалын цуврал эхэлнэ
- VI.6 Драфт
ОНЦЛОХ БАГ, ТОГЛОГЧ
“Сан-Антонио” болон Виктор Вембаньяма
Улирлын өмнөх тоглолтуудад сагсан бөмбөг сонирхогчдыг ангайлгасан, 224 см өндөртэй, драфтын тэргүүн сонголт В.Вембаньяма шинэ улирлын онцлох “дүр”-ийн нэг байх нь гарцаагүй. Тэрбээр энэ өндөр хүлээлтэд хүрч тоглох уу. Эсвэл бүтэлгүйтэх үү. Сүүлийн хэдэн жилийн хамгийн дуулиантай драфтын тэргүүний тоглолтыг тэсэн ядан хүлээе.
“Лос-Анжелес лейкерс” болон Леброн Жеймс
Энэ бол 39 настай Леброны 21 дэх улирал юм. Өнгөрсөн улирлыг асар муу эхлүүлсэн “Лейкерс” яван чангарсаар бүсийн финалд шалгарсан билээ. Харин энэ улиралд тэднийг юу хүлээж байна вэ. Леброн 40 мянган онооны босго давсан анхны тоглогч болж чадах уу?
“Финикс санс” болон Кевин Дюрант, Девин Букер, Брэдли Бил
М.Ишбий тус багийг худалдаж аваад эрс өөрчиллөө. К.Пол, Д.Эйтон, дасгалжуулагч М.Уильямсыг явуулснаар “Финикс”-т лигийн хамгийн хүчирхэг их гурвал бүрдэв. “Санс”-ыг энэ улиралд хамгийн багадаа бүсийн финалд хүрнэ гэж таамаглагч олон байна.
“Денвер наггетс”
Н.Йокич, Ж.Мюррей, дасгалжуулагч М.Мэлоун багаа династи болгохыг хүсэж буй. Үүнд хүрэх эхний алхам бол аваргаа хамгаалах юм. Ингэвэл тэд анхны аварга цолоо хүртээд дараа жил нь аваргалсан 1995 оноос хойших анхны баг болно. “Денвер” харин тэгж чадах уу?
“Бостон Селтикс” болон Ж.Холидэй
Өнгөрсөн улиралд “Бостон” плей-оффын цувралд 0:3-аар хожигдож байгаад ялсан түүхэн дэх анхны баг болох шахсан. Гэвч бүсийн финалд тэд “Майами”-гийн өмнө хүчин мөхөстсөн агаад энэ зун хүчээ эрс зузааллаа. М.Смартыг явуулсан “Бостон” К.Порзингис, Ж.Холидэйг авчраад аваргалж чадах уу?
Бэлтгэсэн: Н.Энх