УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа газар хөдлөлтийн аюулыг бууруулахад зориулж хөрөнгө тавьсан, эсэхийг тодруулахад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “Засгийн газраас гамшгийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, бэлэн байдлыг сайжруулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран 30 сая ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа.
Үүний үр дүнд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байгаа ард иргэдэд сэрэмжлүүлэх мэдээллийг цаг алдалгүй өгөх, олон нийтийн сүлжээгээр дамжуулж шуурхай түгээх техникийн боломж бүрдэнэ. Мөн ОБЕГ-ын бүсийн төвүүдийг шуурхай удирдаж, зохицуулах нэгдсэн тогтолцоонд оруулах юм. Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд ес орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүний 50 орчим хувийг хот доторх аврах, эрэн хайх ажиллагааны багаж, тоног төхөөрөмжүүдэд зарцуулна. Газар хөдлөлт, үерийн улмаас үүссэн асуудлыг тухайн орон нутаг нь Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийнхөө санхүүжилтээр шийдээд явах боломж бас бий” хэмээн хариулав.
Мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Хугацаат цэргийн алба хаагчид болон офицер, ахлагч нарын хувцасны норм, хангалтад нэлээд анхаарсан. Сүүлийн жилүүдэд хувцасны хангалтад зориулсан төсвийн хуваарилалт 30 гаруй хувьтай байсан бол ирэх онд 60 орчим хувь болж нэмэгдэнэ. Ингэснээр ирэх онд нийт офицер, ахлагчийн хувцасны 60, хугацаат цэргийн алба хаагчдынхыг 100 хувь хангах боломж бүрдэнэ. Хүнсний хангалтыг ч 35 орчим хувиар өсгөхөөр тусгасан. Зэвсэглэл, техникийн шинэчлэлийн хувьд 2020 оноос нэлээд анхаарч, жил бүр тодорхой санхүүжилт суулгаж ирсний үр дүнд Монгол Улс үндэсний зэвсэг, галт хэрэгслийн үйлдвэртэй болсон. Энэ жил сум, галт хэрэгслийн үйлдвэрийг ашиглалтад оруулна. Одоогоор үйлдвэрийн тоног төхөөрөмжийг эхнээс нь татан аваад байна. Ирэх жилээс дотоодынхоо хэрэгцээг хангахуйц үйлдвэрлэл явуулах боломжтой” гэв.
Тэрбээр өмнөх өдөр нь Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Засгийн газраас уг төслийг боловсруулахдаа олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчны өөрчлөлт, шинэ сорилтууд тулгарч буйг онцолжээ. Үүнтэй холбоотойгоор улс орнууд аюулгүй байдлын үзэл баримтлал, төрийн бодлогодоо батлан хамгаалах төсөв, зардлаа нэмэгдүүлэх болон зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулахад ихээхэн анхаарч буйг дурдсан байна. Улмаар дээрх тогтоолыг баталснаар Монгол Улсын Зэвсэгт хүчний зэвсэглэл, цэргийн техникийг шинэчлэн, шинжлэх ухааны ололт, инновац, дэвшилт технологид суурилсан үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэж үзсэн байна.
Бэлтгэсэн: Б.Уран