Өнөөдөр Нэгдсэн үндэстний байгууллагын өдөр тохиож байна. 78 жилийн өмнө буюу 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн үндэстний байгууллагын Дүрэм хүчин төгөлдөр болсон бөгөөд энэхүү өдрийг дэлхий даяар НҮБ-ын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлж ирсэн. Тус өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын байранд анх удаа зочиллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра угтав. НҮБ-ын хамт олны төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагуудын Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны талаар танилцуулав.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхтэй холбогдуулан нээсэн НҮБ-ын хүндэт зочны дэвтэрт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гарын үсгээ зурлаа. Тэрбээр НҮБ-ын хамт олонд хандан “НҮБ бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, хүрээлэн буй орчныг хамгаалах, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх зэрэг манай улсын хөгжил дэвшилд бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж буй манай чухал түнш” хэмээн онцоллоо. Мөн Монгол Улс олон улсын энх тайван, аюулгүй байдал, ардчилал, хүний эрх, эдийн засаг, нийгэм, хүмүүнлэг зэрэг 20 орчим асуудлаар нийт 90 гаруй тогтоолыг санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар хэлэлцүүлж батлуулсны зэрэгцээ олон санал санаачилга дэвшүүлэн ажиллаж байгааг хэллээ.
Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Энэхүү онцгой өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын хамт олонтой хамтдаа тэмдэглэж байгаад би ихэд талархалтай байна. Энэ нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн төлөөх Монгол Улсын үүрэг амлалт болон НҮБ-ын эрхэм зорилгод өгч буй ач холбогдлыг илтгэн харуулж байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын байранд ажиллах үеэрээ уран барималч А.Очирболдын “Ухамсар” бүтээлийг НҮБ-ын хамт олонд бэлэглэлээ. Тус баримлын эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешт бэлэглэсэн бөгөөд Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байрны дэргэд сүндэрлэж буй.