“Нүүрсний” гэх хэргүүд ар араасаа хөвөрч буй олон дуулианд дарагдан, мартагдаж, уншигчид ч төрийн өндөр болон дунд шатны албан тушаалтнууд холбогдсон хэргүүдийн хувь заяа хааш эргэж байгааг бие биеэсээ л сураглаж байх болов. Нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспорт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгаж, шийдвэрлэх Ажлын хэсэг АТГ, ЭЦА, НПГ-т байгуулагдсанаас хойших арван сарын хугацаанд нийт 66 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 93 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад давуу байдал бий болгосон, хахууль авсан, өгсөн арван хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм. Анхан шатны шүүх зургааг нь хэлэлцэн шийдвэрлэжээ. Тодруулбал, ЗТХЯ-ны харьяа Авто тээврийн үндэсний төв (АТҮТ) төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан К.Айдос, Г.Мэндбаяр, С.Онон, “Бэш тэрэг транс” ХХК-ийн захирал Л.Балдорж, “Буман трейд” ХХК-ийн захирал Б.Даваа нарт холбогдох хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхээр хэлэлцэж, гэм буруутай нь тогтоогдсон хүмүүст ял шийтгэл оноосон.
Мөн тус шүүх хилийн 0131 дүгээр ангийн Гашуунсухайт дахь боомтын орлогч дарга, хилчин шалгагч, гаалийн, мэргэжлийн хяналтын байцаагч нар холбогдсон нэг нь найм, нөгөө нь 22 хүн яллагдагчаар татагдсан хэргийг хэлэлцэн шийдвэрлэснийг бид цаг тухайд нь мэдээлсэн. Тэгвэл “бөмбөлөг тээвэр” хэмээх нэршлээр нь зарим хүн мэдэх болсон “Ковид-19” цар тахлын үед хилээр нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд мөрдөж байсан журмыг зөрчин, хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн ОБЕГ-ын ахлах мэргэжилтэн Н.Хишигбаатар болон Дундговь аймгийн нэгэн сумын Засаг дарга зэрэг найман хүн холбогдсон хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн бүгдэд нь торгох ял оноогоод буй юм. Бас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ахлах мэргэжилтэн Б.Булган БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Urat middle banner Zhonglu energy” компанийг 100 000 тонн нүүрс худалдан авах гэрээ байгуулахад голлож оролцон Хятадын аж ахуйн нэгжийн төлөөлөгч, өвөрлөгч иргэнд давуу байдал олгосныхоо хариуд 100 гаруй сая төгрөгийн хахууль авсан хэргийг хэлэлцэн шийдвэрлэж торгох ял оноогоод буй юм.
Харин өдгөө УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүн, “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан Т.Мөнхбаяр, дэд захирлаар ажиллаж байсан Б.Жаргалсайхан тэргүүтэй хүмүүс, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүү зэрэг хил, гаалийн байгууллагын 43 албан тушаалтан, хоёр хуулийн этгээдэд холбогдох дөрвөн хэргийг шүүх хэлэлцэхээр товлож, өмгөөлөгч нарын элдэв арга мэхэнд орж хойшлуулсаар байгаа билээ.
Өчигдрийн байдлаар “Нүүрсний” гэх тодотголтой 43 үйлдэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж, заримыг нь прокурор хянаж буй билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан, УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар тэргүүтэй улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан болон өдгөө ажиллаж буй хүн, төрийн болон төрийн өмчит байгууллагуудын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан дээрх 43 хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа юм.