Зам, тээврийн хөгжлийн яамнаас энэ оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг нэмэгдүүлж, хариуцлага, үр дүнг тооцох жил” болгон зарласан. Улмаар авто замын салбарт чанартай зам, чансаатай засвар арчлалт гэсэн зорилт тавьжээ. Уг зорилтын хүрээнд улсын хэмжээнд авто зам, гүүрийн засвар арчлалтад онцгойлон анхаарч буй бөгөөд өнгөрсөн баасан гаргийн байдлаар олон улс, улсын чанартай 14 891 км гаруй авто замын урсгал засвар арчлалтын ажлын явц дунджаар 87 хувьд хүрснийг мэдээллээ. Тодруулбал, төвийн бүс буюу Төв, Өвөрхангай аймаг дахь засварын ажил 90, Архангай, Завхан, Увс аймгийнх 88 хувьд хүрсэн аж. Харин Дархан-Уул, Сэлэнгэ, Булган зэрэг хойд бүсийнх 70.2, баруун, зүүн болон говийн бүсийнх 89-96 хувийн гүйцэтгэлтэй байжээ. Засвар арчлалтын ажлыг ирэх сард багтаан дуусгахаар төлөвлөсөн гэнэ.