Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар буюу төрийн захиалгаар барилга угсралтын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн нэгдсэн “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-аас өчигдөр тулгамдсан асуудлаараа мэдээлэл хийж, Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. Тэд “2009 онд тогтоосон, өдрийн 19 300 төгрөгийн тарифт цалингаар 2023 онд ажил гүйцэтгэх боломжгүй”, “Цалингаа нэм”, “Төр залилан хийж, хуучин тарифаар ажил гүйцэтгүүлэхээр хүчиндэж байна” гэх зэргийг бичсэн уриа лоозон барьжээ. Тэдний гол шаардлага нь Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудын төсөв, ажилчдын цалингийн хэмжээг нэмүүлэх, үүн дээр магадлал хийлгэх аж. ТББ-ын төлөөлөл энэ талаар “2024 оны улсын төсөв хэлэлцэж эхэллээ. Бид бага төсвөөр барилга бариад, гүйцэтгэлээ авч чадахгүй байгаа. Үүнээс болж 600-гаад компанийн барьж буй барилгын ажил царцсан” гэв.
Мөн олон компани ажлаа дуусгахын тулд банкнаас зээл авч, барилгаа ашиглалтад оруулсан боловч асар их өртэй хоцорсон аж. “Энэ асуудлыг манай салбарынхан болон Сангийн яам шийдвэрлэж чадахгүй байгаа учраас бид шаардлагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүллээ. Тодруулбал, улсын төсөвт суулгасан мөнгөө ч авч чадахгүй, ихэнх компани алдагдал хүлээж, ажлаа зогсоогоод буй. Тэр байтугай бидэнд ийм их ачаалал үүрүүлчихээд дарамталж, улсын “хар жагсаалт”-д оруулна, гэрээгээ цуцална гэж сүрдүүлэх боллоо. Энэ дарамт шахалтаас болж “хар жагсаалт”-д орохгүйн тулд банкнаас зээл авч, улсын барилгыг бариад дууссан боловч гүйцэтгэлийн төсвөө ч авч чадаагүй компани олон бий. Бас бид Татварын ерөнхий газраас 2023 оны есдүгээр сарын 29-нд албан даалгавар гаргасныг эсэргүүцэж байна. Энэ нь бүх аж ахуйн нэгжийн хүрээнд гаргасан, 100 сая төгрөгөөс дээш өр үүссэн байгууллагын хөрөнгийг хураана гэсэн агуулгатай. Ажлаа төлөвлөөд, дээрх шалтгаанаар зээл авчихаад байхад бидний хөрөнгийг хураах юм гэнэ. Улсаасаа баян болсон нүүрсний, Хөгжлийн банкны, ногоон автобусны хулгайч нарынхаа хөрөнгийг хурааж чадаагүй байж яагаад чин үнэнчээр улсдаа хөдөлмөрлөөд яваа хүмүүсийн хөрөнгийг хураах гэж байгаа юм. Бид үүнийг цаашид ч эсэргүүцэх болно” гэж “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл”-ээс мэдэгдэв.