Хилийн чанадад суугаа монголчууд олон зуунаас уламжлагдан ирсэн спортоос үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлж, гадаадад амьдарч буй хүүхэд, залууст сурталчлан өвлүүлэх зорилготой арга хэмжээ зохион байгуулсаар байна. Үүний хүрээнд Швейцарын Женев хотод МҮБХ-ны Европ дахь салбар холбоог байгууллаа. Тус холбоо нь Франц, Герман, Чех, Швед, Бельги, Польш, Унгар, Британи, Австри, Итали зэрэг улсад амьдран суугаа монголчуудад болон гадаадын иргэдийг оролцуулан үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах аж. Европ дахь салбар холбооны тэргүүнээр аймгийн начин О.Пүрэвбаяр, дэд тэргүүнээр Д.Дамдин, гүйцэтгэх удирдлагаар Б.Саран нарыг сонгожээ.