- А.М.Горькийн нэрэмжит номын сангийн барилгыг нурааж болзошгүй нь -
“Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, дахин төлөвлөх ТЭЗҮ” хэмээх баримт бичигт Бага тойруу хэсгийг нийслэлийн түүхэн орон зай, дүр төрхийг хадгалсан, хүн амын төвлөрөл багатай хотын төв бүс болгох зорилт дэвшүүлж байжээ. Үүнтэй холбоотойгоор тухайн бүсэд зургаагаас дээш давхар барилга барихыг хориглосон тушаал, шийдвэрүүдийг хүртэл нийслэлийн удирдлага гаргаж байж. Одоо ч уг шийдвэр хүчин төгөлдөр буй.
Д.Сумъяабазар нийслэлийн Засаг даргаар томилогдоод удаагүй байхдаа ч “Хотын төв хэсэг, Их, Бага тойруу орчимд зургаагаас дээш давхар барилга бариулахгүй” хэмээн мэдэгдэж, Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогчдоо үүний биелэлтийг хангах үүрэг даалгаврыг өгчээ. Харамсалтай нь, тэд энэ шийдвэрээ хэрэгжүүлж чадахгүй, үүний төлөө дорвитой ажил хийхгүй байсаар суудлаасаа буулаа. Зориулалтыг нь өөрчилсөн, хууль зөрчин барьсан 122 байршил дахь барилгыг нураах амлалтаа ч биелүүлж чадсангүй. Газрын наймааны үндэс сүлжээг таслах дорвитой алхам хийж чадаагүй учир үүнтэй холбоотой зөрчил, маргаан Д.Сумъяабазарын үед тасарсангүй, харин ч “буухиалан” үргэлжлэв. Барилгын компаниуд ч сул орон зай, халдаж болох шинэ газруудыг онилж, “давшилсаар” байна. Нэг жишээ дурдъя.
Эзэмшлийн газраасаа хумслуулсаар өндөр барилгад бүчүүлсэн, тэр хэрээр үзэгдэх орчин, орон зайгаа хязгаарлуулсан аж ахуйн нэгж, байгууллага нийслэлд цөөнгүй. Ялангуяа хотын А зэрэглэлийн бүсэд хамаардаг Бага тойруу орчимд бусдын орон зай, эзэмшилд халдсан ийм нүсэр барилга сүүлийн үед дэндүү олширлоо. Хэзээ, хэн босгосон, юу болох нь тодорхойгүй барилгын “араг яс” ч хаа сайгүй.
МУИС-ийн III байр буюу Хууль зүйн сургуулийн барилгыг нураах дуулиантай зэрэгцээд Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Чингэлтэй дүүрэг дэх салбар буюу М.Горькийн нэрэмжит номын сангийн байрыг буулгах сураг чимээ дуулдаж эхэллээ. Тэндхийн ажилтны хэлснээр номын сангийн хуучин барилгыг нурааж, газар дээр нь шинийг барихаар төлөвлөж буй гэх. Энэ нь зөвхөн яриа хэлцэл, төлөвлөлтийн шатандаа байгаа ч юм биш, тендерийг нь хүртэл зарлаад амжсан тухай дуулгав. Тэндхийн өөр нэг ажилтан “Манай номын сангийн барилгыг засаж, шинэчлэх тухай яриа өнгөрсөн жилээс дуулдаж эхэлсэн. Бид орон сууцын зориулалттай хуучны байрны I давхарт үйл ажиллагаагаа явуулдаг учраас зутрангуй байдаг. Байнга үйлчлүүлдэг хүмүүс ч мэднэ. Тоос шороо ихтэй учир удаан суух ч аргагүй байдаг юм. Хэзээ мөдгүй нурж унах нь уу гэлтэй л байдаг. Аюулгүй байдал, үйлчилгээний чанар, хүртээмжээ бодвол энэ барилгыг нураагаад, шинийг барьсан нь дээр” хэмээн ярьсан. Харин тухайн салбарыг хариуцсан захирал Н.Санжаасүрэн “Тийм мэдээлэл сонссон. Гэхдээ баттай, эсэхийг нь мэдэхгүй” гэсэн хариулт өглөө. Хамгийн хачирхалтай нь, эл номын санд ажилладаг, хамгийн ойр байдаг хүмүүс нь энэ талаар дуулсан байхад Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон Соёлын яамныхан юу ч сонсоогүй гэж үгүйсгэв.
Хот төлөвлөлт, орон сууц, газрын харилцаатай холбоотой асуудал хариуцсан “Нийслэлийн орон сууцын корпорац” ОНӨААТҮГ, Орон сууцын бодлогын газар, Хот байгуулалт, хөгжлийн газрынхнаас үүнийг тодруулаад ч чиг гаргаж чадсангүй. Харин нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны нэгэн мэргэжилтэн “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг үндэслэн Бага тойруу буюу Чингэлтэй дүүргийн I-VI, Сүхбаатар дүүргийн IV-VIII хорооны 240 гаруй га талбай дахь хуучин барилгуудыг нураах, оновчтойгоор дахин төлөвлөх ТЭЗҮ-ийг боловсруулж, баталсан байдаг. Энэ бүсэд 13 мянга гаруй айлын 312 орон сууцыг хамруулан судалсан. М.Горькийн нэрэмжит номын сан байрлаж буй хуучны барилга нь IV хорооны нутагт харьяалагддаг учир дахин төлөвлөх бүсэд багтсан байх магадлал өндөр. Насжилт, чанар, өнгө үзэмж зэргийг нь харгалзвал тус барилга энэ жагсаалтад зүй ёсоор багтах учиртай. Дээрх хөтөлбөрийн хүрээнд Бага тойруу орчимд шинэ барилга, байгууламж барих ажлууд одоо үргэлжилж байгаа” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, тус номын сан орчмын газрыг дахин төлөвлөлтөд хамруулсан байж болзошгүйг тэрбээр хэллээ.
Тэгэхээр хуучин барилгыг нь нурааж, шинийг барих тухай мэдээлэл хоосон цуурхал, зохиомол яриа биш байж мэдэх нь. Хэзээ нэг өдөр тухайн хэсэгт хашаа татан тусгаарлаж, газар шорооны, барилгын ажил эхлүүлэх нь цаг хугацааны асуудал бололтой. Нэг л мэдэхэд тэнд орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалттай, хотын төв, нийтийн эзэмшлийн зай талбайг эзэлсэн гял цал барилга босоход гайхах зүйлгүй. Ерөөс сүүлийн үед манай хот газрын наймаачид, барилгын компаниудад байдгаа тавьж өгдөг болсон. Хотын төв хэсэг, аль байршил сайтай газрууд дахь нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, номын сан гээд үнэ цэнтэй, байж болох бүхнийхээ орон зайд халдаж, газраас нь хумслан зарж байна. Эцэстээ засаж, шинэчлэх, хүчитгэх, үйл ажиллагааг нь өргөтгөх, дахин төлөвлөлтөд хамруулах нэрийн дор хотын төвийнхөө амин сүнс болсон түүхэн дурсгалт байгууламжуудаа хоморголон нурааж, буурин дээр нь худалдаа, үйлчилгээ, орон сууцын зориулалттай “дэнхгэр” барилга босгодог үзэгдэл газар авав. Тэр хэрээр түгжрэл, төвлөрөл ихсэж, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлого яг эсрэгээрээ хэрэгжиж байна.
Манай улсын ууган их сургууль гэгддэг МУИС хүртэл энэ “шуурга” -нд өртлөө. Өргөтгөн сайжруулах нэрийдлээр салбар сургуулиудаа толгой дараалан нураах болов. 2019 онд нураасан Газар зүй, геологийн сургуулийнхаа хуучин буурин дээр өнөөдрийг хүртэл ганц тоосго ч тавиагүй, газрыг нь тал талаас хумслан түрж, өндөр барилгууд босгосон хэрнээ өөр нэгийг буулгах ажлыг эхлүүлчихлээ. Хамгийн хачирхалтай нь, эдгээр салбар сургуулийн аль алиных нь газар дээр 16-18 давхар барилга барихаар төлөвлөчихсөн юм билээ. Олон салбартай, нэгдсэн төв байртай, тэдгээр нь загвар, хэв шинжийн хувьд хоорондоо харилцан уялдаа бүхий зохион байгуулалттай атал үүнийг эвдэн байж захаас нь нурааж, тэнгэр баганадсан өндөр барилга барихаар зүтгүүлж буй нь яг үнэндээ сургалтын баазаа өргөтгөх гэхээсээ илүү хотын төвийн ашигтай байрлалд томоохон байгууламж босгож, орон зайгаа дархлах гэсэн санаархал гэж л харагдаж байна. Засгийн газар их сургуулиудыг хотын төвөөс нүүлгэн шилжүүлэх бодлого баримталж буй, тухайн бүсэд зургаагаас дээш давхар барилга бариулахгүй байх тушаал, шийдвэр үйлчилж байгаа цаг дор нийслэлийнхээ төв цэгт ийм нүсэр барилга барих нь зөв үү, ер нь ийм хэрэгцээ бий юү гэдгийг ул суурьтайгаар бодож, шийдвэрээ эргэн харах шаардлагатай санагдана. Нэгэн цагт их сургуулийн гудамж гэгддэг байсан тус бүс энэ янзаараа тун удахгүй худалдааны гудамж болох шинжтэй. Өндөр барилгуудын эзэд эзэмшсэн хэсэгтээ янз бүрийн худалдаа, үйлчилгээ төвлөрүүлэх байдлаар ашиг олох нь мэдээж.
Эзэмшлийн газраасаа хумслуулсаар өндөр барилгад бүчүүлсэн, тэр хэрээр үзэгдэх орчин, орон зайгаа хязгаарлуулсан аж ахуйн нэгж, байгууллага нийслэлд цөөнгүй. Ялангуяа хотын А зэрэглэлийн бүсэд хамаардаг Бага тойруу орчимд бусдын орон зай, эзэмшилд халдсан ийм нүсэр барилга сүүлийн үед дэндүү олширлоо. Хэзээ, хэн босгосон, юу болох нь тодорхойгүй барилгын “араг яс” ч хаа сайгүй. УДЭТ, Хүүхэлдэйн театр, Үндэсний урлагийн их театр хэмээх гурван байгууллагыг нэг доор шингээсэн хотын төв дэх навтгар “улаан байшин”-г тойроод сүүлийн жилүүдэд хэчнээн барилга баригдчихав аа. Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн жил “Соёмбо тауэр” хэмээх худалдаа, үйлчилгээний зориулалттай олон давхар барилгыг үүний чанх хойно барьж, ашиглалтад оруулсан. Соёлын төв өргөөний барилга ч хаданд хавчуулагдсан халиуны зулзага аятай өндөр барилгад хэдэн талаасаа бүслэгдчихсэн буй.
М.Горькийн нэрэмжит номын сангийн хажууханд гэхэд яг одоо орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 10-аас дээш давхар хоёр ч барилгын ажил үргэлжилж байна. Үүний нэгийг нь “Таван булаг хөгжил констракшн”, “Криетив Монголиа” хэмээх компани нийслэлийн ЗДТГ-ын захиалгаар, дахин төлөвлөлтийн хүрээнд хуучны гурван давхар орон сууц байсан газарт барьж буй гэх. Гэвч гүйцэтгэгч компанийнхан тухайн газартаа орон сууц бариад зогсохгүй худалдаа, үйлчилгээний зориулалттай блок байгуулж, зай талбайгаа түрээслүүлэхээр захиалга авч эхлээд байгаа юм. Харин нөгөөхийг нь “Асар өргөө” хэмээх компани Сүхбаатар дүүргийн ЗДТГ газар байрлаж байсан хуучин газарт барьж буй.
Гүйцэтгэгч компанийнхан нийслэлийн өмчид тодорхой хэмжээний зай талбай шилжүүлэх гэрээтэйгээр тэнд барилгын ажлаа эхлүүлсэн ч хуурамч бичиг баримт бүрдүүлэн ашиглаж энэ тохирооноосоо буцаад байгаа гэх. Үүнээс үүдээд нийслэл газраа, зай талбайгаа ч алдах эрсдэл үүсээд буй юм билээ. Барилгын компаниуд хотын төвд газар авч, орон сууц барихын тулд юу ч хийхэд бэлэн болсныг эндээс харж болно. М.Горькийн нэрэмжит номын сангийнхныг яг энэ жишгээр молиго үмхүүлж, тэнгэр баганадсан өндөр барилга барихаар хэн нэгэн газарт нь шунаж яваа ч байж болзошгүй нь. Харин ажлаа аваад удаагүй шинэхэн мээр болон түүний багийнхан ил цагаан өрнөдөг энэ мэт газрын хулгайг “олж харж”, өмнөх Засаг даргынхаа хийж чадаагүйг гүйцэлдүүлж, хотыг эзэнтэй болгож чадах уу. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнд “Улс төрийн явцуу хил хязгаарыг давж, нийслэлийн эрх зүйн орчин, тэр дундаа газрын харилцаатай холбоотой асуудлыг цэгцлээрэй” хэмээн захисныг хотын дарга Х.Нямбаатар эрхбиш тогтоож авсан гэж найдна.
Бэлтгэсэн: Н.Мишээл