Хотын дарга нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар тодруулав.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өвөлжилтийн бэлтгэл ажлыг танилцууллаа. Тэрбээр “Холбогдох байгууллагуудад 26 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Нийт 658 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өвөлжилтийн бэлтгэл 80, Геодези, усны барилга, байгууламжийн газрынх 84 хувийн биелэлттэй байгаа. Энэ онд 5504 тонн давс, 7258 тонн буюу өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их бодис нөөцлөхөөр төлөвлөж байна. Одоогийн байдлаар 2759 тонн бодис, 4145 тонн давс нөөцлөөд буй. Ойрын хугацаанд 1300 тонн бодис орж ирнэ. Зам талбайн цэвэрлэгээний 24 байгууллага 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байна" гэлээ.
Өнгөрсөн жил машин, тоног төхөөрөмж 256 байсныг энэ жил 312 болгож нэмэгдүүлжээ. Тэрбээр мөн гудамжны цэвэрлэгээ, үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлж байлаа. Учир нь өдгөө нэг гудамжинд долоо хоногт 1-2 удаа цэвэрлэгээ, үйлчилгээ хийж байгаа юм.