Улаанбаатарт өнгөрсөн наймдугаар сарын 24-нөөс түрээсийн дугуйн “Hi sainuu” үйлчилгээ нэвтрүүлсэн. Гэтэл нэг сар гаруйхны дараа уг үйлчилгээг зогсооход хүрчээ. 400 гаруй дугуйг нь тонож, эвдэж сүйтгэн, энд тэнд хаясны улмаас үйлчилгээгээ зогсоохоос өөр аргагүйд хүрснээ“Hi sainuu” компанийнхан мэдэгдсэн байна. Улмаар тус компанийнхан энэ сарын 11-нд түрээсийн дугуйнуудаа бүгдийг нь хураан авч, цахим хуудас, аппликэйшн зэргээ ч хааж, ул мөргүй алга боллоо. Тэд 1000 дугуйг автобусны буудлуудад байршуулснаар үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Тухайн үед тэд“Манайх өнгөрсөн долоодугаар сард байгуулагдсан хувийн хэвшил. Бид 1000 унадаг дугуй импортоор авч, үйлчилгээнд гаргаж эхэллээ. Одоогоор бүрэн жигдэрч чадаагүй учраас сайжруулах, аппликэйшнээ хөгжүүлэх зэрэг ажил бий. Бид нийслэл болон бусад албан газраас ямар нэгэн хөрөнгө оруулалт, төсөв аваагүй. 100 хувь өөрсдийн хөрөнгөөр унадаг дугуй авч, иргэдэд түрээсийн үйлчилгээ үзүүлж байна” гэж мэдээлсэн юм. Харин яг сарын өмнө 200 дугуйг нь хэрэглэгчид санаатай болон санамсаргүйгээр эвдэж, дахин ашиглахааргүй болгосныг мэдэгдэж байлаа. Гэсэн ч ухрахгүй, үйлчилгээгээ улам өргөжүүлж, Дархан-Уул, Орхон аймагт ч нэвтрүүлэхээ онцолж байв. Харамсалтай нь, тэд тэсэж чадсангүй бололтой.
Түрээсийн дугуйн үйлчилгээ нь манайд шинэ биш. “Ubikе” төслийг нийслэлд 2018-2019 онд хэрэгжүүлж байсан. Гэсэн ч тус төсөл амжилтгүй болж, бүрэн зогссон юм. Гэхдээ одоогийнхтой харьцуулахад хоёр жил орчмын хугацаанд үйл ажиллагаа явуулж дөнгөсөн. Тухайн төслийг нийслэлийн ЗДТГ-аас хувийн хэвшлийн “Никель Ганбаа” компанитай хамтран хэрэгжүүлж байсан билээ. Энэ удаад хувийн хэвшлээс уг үйлчилгээг дангаараа хэрэгжүүлсэн ч амжилт эс олов. Хоёр удаа эхлүүлж, нутагшуулахаар бүх талаар оролдсон ч амжилт олоогүй эл үйлчилгээ нь манайд дэд бүтэц хангалтгүй, бас иргэдийн ойлголт, хандлага, соёл ч бэлтгэгдээгүй байгааг харуулав. Тухайлбал, дугуйн зам нийслэлд байхгүйтэй адилхан. Нийслэлийн удирдлага дугуйн зам барьж байгаа гэж байнга шахам ярьдаг ч дэд бүтэц байхгүй, явган хүний замын талыг ногооноор будсанаас хэтрээгүйг хаа сайгүй харж болно. Бас иргэд ч хандлагаа өөрчилж, хотын соёлд суралцах шаардлага байна. Тиймээс цаашид ийм үйлчилгээ дахин эхлүүлэхээр бол аль аль талдаа бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэйг эл үйл явдал илэрхийлсэн биз ээ.
Бэлтгэсэн: М.Оч