Монгол, Франц улс хооронд 1965 онд дипломат харилцаа тогтоож, өдгөө 58 жил болоод байна. Францын нийт 66 компани манай улсад бүртгэлтэй бөгөөд эдгээр хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайн салбарт чиглэжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийж байгаа айлчлал францын хөрөнгө оруулагчдыг хэрхэн татах, уран болон эрчим хүчний салбарт хэрхэн хамтран ажиллах нь олон улсын анхаарлыг ихээр татаж байна. Тэгвэл Монгол-Францын бизнес форумын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн.
Тэрбээр “Монгол Улс өнөөдөр бүс нутагтаа ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгдэж, мөнхийн хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн харилцаагаа идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлэх замаар тогтвортой, дархлаатай, хүртээмжтэй, ногоон нийгэм, эдийн засгийн хөгжлийг цогцлоохоор зорин ажиллаж байна. Монгол Улсын хэрэгжүүлж буй дээрх эдийн засгийн бодлого, санал санаачилга болон үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол, Францын харилцан ашигтай хамтын ажиллагаа, ялангуяа Франц Улсын мэдлэг, туршлага, дэвшилтэт техник технологи, инновац болон хөрөнгө оруулалт онцгой чухал үүрэгтэй” гэлээ.
Ялангуяа, хоёр орны хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад форумын ач холбогдол өндөр. Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд цогц шинэчлэл хийж байгаа гэдгээ ч Ерөнхийлөгч онцоллоо.
1991 онд Монгол Улс, Франц Улсын хооронд “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ”, 1996 оны “Давхар татвараас чөлөөлөх тухай гэрээ” зэрэг баримт бичгүүдийг байгуулжээ. Мөн 2013 онд Европын холбоотой Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийг хийсэн байна.
Монгол Улс өнөөдрийн байдлаар 26 улстай “Давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээр”, 43 улстай “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хоёр талт хэлэлцээрүүдийг тус тус байгуулаад байна. Тус улсад үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн олон оронд татварын хөнгөлөлт эдэлдэг. Тухайлбал, Европын Холбооны GSP+ хөтөлбөрийн хүрээнд нийт 7200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаалийн татваргүй гаргана.
Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч Жерар Ларше аравдугаар сарын 11-ний өдөр бараалхлаа. Хоёр талын харилцааг цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын агуулгаар өргөжүүлж, стратегийн түншлэлд хүргэх хоёр талын нийтлэг зорилтыг биелүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Одри Азулэй бараалхав. Уулзалтын үеэр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий захирал Одри Азулэй Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэсэн сертификатыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд гардуулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Парис хотын Засаг дарга Анн Идалго бараалхлаа. Уулзалтын үеэр талууд хот төлөвлөлт, автозамын түгжрэл, агаарын бохирдол, ногоон байгууламж зэрэг асуудлаар санал солилцож, Парис хот өөрсдийн туршлагаа хуваалцаж, хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлжээ.