Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр тохиож байна. Ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р. Маркос Жр., Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало нар баярын захидлууд тус тус солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгчид илгээсэн захидалдаа “Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монгол-Филиппиний уламжлалт найрсаг харилцаа хамтын хүчин чармайлтаар тогтвортой хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал болон батлан хамгаалах зэрэг олон салбарт өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэдгээ илэрхийлжээ.
Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Р. Маркос Жр. хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дэвшүүлээд, “Филиппиний тал соёлын солилцоо, эдийн засгийн түншлэл болон дипломат яриа хэлэлцээг үргэлжлүүлэн урагшлуулснаар хоёр талын харилцааг улам бүр бэхжүүлэхийн төлөө буй”-гаа тэмдэглэсэн байна.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайдад баяр хүргэж илгээсэн захидалдаа хоёр орны шинэ хагас зууны харилцааны хэтийн төлөвийг тодорхойлж, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийг чухлыг” онцолсон байна.
Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Манало захидалдаа “Филиппиний тал Монгол Улстай тогтоосон харилцаагаа бэхжүүлэхийн төлөө буйг нотолж, цаашид хоёр талын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжинө гэдэгт итгэж байгаа”гаа илэрхийлжээ.