Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж хоногт 250,000м3 ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол улсын MNS:4943-2015 стандартын түвшинд цэвэршүүлэх хүчин чадалтай. Тус байгууламжийг Сонгинохайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин цэвэрлэх байгууламжийн баруун талд 17.6 га талбайд барьж байна.
Тус байгууламжийг БНХАУ-ын 262.7 сая ам.долларын хөнгөлөлтэй зээлээр түлхүүр гардуулах нөхцөлтэй /ажлын зураг төсөл боловсруулах, барилга угсралт, тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах ажил/ олон улсын "ЕРС" гэрээний зарчим дээр үндэслэн байгуулсан. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хүрээнд нийт 35 барилга байгууламжийг барьж байгуулах бөгөөд инженерийн шугам сүлжээ дэд бүтэц, барилга угсралтын ажилд ерөнхий гүйцэтгэгч талаас 520, Монгол талаас туслан гүйцэтгэгч компанийн 310 инженер техникийн ажилчин ажиллаж байна.
2023 онд төслийн барилга угсралтын ажлын явцыг 85 хувьд тоног төхөөрөмжийн татан авалтыг 60 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Мөн барилгын бүтээцийн ажил дууссан байгууламжуудад битүүмжлэлийн гидравлик туршилтыг хийж эхэллээ.