Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж буй “Уул уурхайн долоо хоног”-ийг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр “Өнгөрсөн 100 жилд Налайх, Бэрх, Шарын гол, Адуунчулуун, Багануур, Эрдэнэт, Бор-Өндөр, Шивээ-Овоо, Төмөртийн Овоо, Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайт, Төмөртэй зэрэг орд газар, уурхай нээгдэж, эдгээр бүтээн байгуулалтыг дагасан нийгэм, эдийн засгийн суурин газрууд бий болж, Монгол Улсын хөгжил дэвшил, эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж ирлээ. Энэ түүхэн хугацаанд манай эрхэм уурхайчид, геологичид, инженерүүд та бүхний нөр их хөдөлмөр зүтгэлийн үр дүнд 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын 10,000 гаруй орд, илрэлийг тогтоож, улсын эрдэс баялгийн сан хөмрөг арвижсан билээ. Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж, эдийн засгийн дөрөвний нэг, нийт экспортын орлогын 90 гаруй хувь, төсвийн орлогын 30 орчим хувь, нийт гадаадын хөрөнгө оруулалтын 80 шахам хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж, эдийн засаг, төсөв, санхүүгийн гол судас болон хөгжиж байна” гэлээ.
Мөн “Дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд сүүлийн жилүүдэд Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барьсан нь чухал үр дүн. Цаашид Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг товлосон хугацаанд нь барихад онцгой анхаарах шаардлагатай байна. Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд цогц шинэчлэл хийж байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна” гэдгийг онцоллоо.