Барилга, хот байгуулалтын сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар “Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг энэ оны есдүгээр сарын 01-нээс арванхоёрдугаар сарын 01 хүртэлх 3 сарын хугацаанд өрнүүлж байна.
Аяны хүрээнд өнөөдөр барилгын салбарт шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн туршлагыг барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад танилцуулах үзүүлэх сургуулилтыг “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны төслийн талбайд зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй албаны хүмүүс, аж ахуй нэгж байгууллагын нийт 100 гаруй төлөөлөл оролцож, барилга угсралтад шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмжийн ажиллагаа, давуу тал, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагааны сургалтад хамрагдлаа. Мөн гэнэтийн осол аваар, гал түймэр гарах үед авах арга хэмжээний үзүүлэх сургуулилтыг үзэж сонирхлоо.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн сургалтын үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “Барилгын ойр орчимд амьдарч байгаа, барилга дээр ажиллаж буй ажилтан алба хаагчдын аюулгүй байдлыг хангах хамгийн чухал. Би ажлаа аваад 8 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд анхаарал хандуулж чиглүүлж буй нэг гол ажил бол барилгын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал.
Барилгын салбарт сүүлийн 5 жилийн хугацаанд 169 осол гарсан байна. Хөнгөн 38, хүнд 87. Үүнээс хүний амь нас эрсэдсэн тохиолдол 44. Өнгөрсөн хугацаанд аюулгүй байдлаа хангахыг сануулсаар байхад хэдхэн компани л хэрэгжүүлдэг, бусад нь үгүй. Тиймээс цаашдаа энэ байдлыг зогсоохын тулд бид Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран “Барилга, байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяныг гурван сарын хугацаанд зохион байгуулж байгаа юм.
Хөдөлмөр, аюулгүй байдлыг хангахад шаардагдах зардлыг компаниуд хангалттай хэмжээнд гаргахгүй байна. Хамгаалах хэрэгсэл өгөхгүй байна. Ихэвчлэн мэргэжлийн бус хүмүүс барилгын салбарт ажиллаж байна. Тэдэнд шаардлагатай хамгаалалтын хувцсыг нь өгөхгүй, нөгөө талаар өгсөн ч, тухайн ажилтан нь хэрэглэхгүй байна. Ингэж болохгүй. Өглөө бүр хөдөлмөрийн аюулгүй байдлыг сануулж, шаардлагаа тавьж, зохих стандартыг хангасаны дараа ажилд гаргах хэрэгтэй. Цаана нь хүний амь бий шүү. Хэрэв бидний яриад буй ХАБ-ын хамгаалалт, эрүүл ахуйн асуудлыг хангаж ажиллахгүй бол цаашдаа тусгай зөвшөөрөлтэй нь ярина.
Аяны хүрээнд хамгаалалтын хашлагагүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа барилгын компаниудад бүгдэд нь мэдэгдэл хүргүүлнэ. Тодорхой хугацаанд хамгаалалтын хашлага тавиагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцална. Өөр арга байхгүй. Нэг хүний амь ч харамсалтай. Цаашдаа зөвшөөрлийг олгохдоо тухайн компанийн санхүүгийн чадамж, эрсдэлийн даатгал хийх чадварыг нь харгалздаг болно. Барилгын салбарт нэгдүгээрт "ХҮН" байна, барилга биш” гэлээ.