-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймагт ажиллалаа-
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт ажиллаж, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа. Булган аймаг энэ жил 55.5 мянган га талбайд тариалалт хийсэн бөгөөд урьдчилсан балансаар 37 мянган га талбайгаас 50 мянган тн улаанбуудайн ургац хураан авах тооцоо гарчээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт маш том дэмжлэг болж, тариалалт нэмэгдэж байгааг тариаланчид хэлж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч дараа нь Хутаг-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй эрчимжсэн мал аж ахуйн “Занаду Разорбак” ХХК-д ажиллалаа. Тус компанийн үүсгэн байгуулагч, Канад Улсын иргэн Жереми Тиссен 1993 онд Монгол Улсад анх ирсэн бөгөөд 2009 онд компаниа үүсгэн байгуулжээ. Анх газар тариалангийн чиглэлээр ажиллаж байгаад 2011 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж, махны чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг эрхлэж байна.
Өдөрт 10 үхэр нядлах хүчин чадалтай. Тус компани нь үхрийн гол бордоо болох ногоон тэжээлийг өөрсдөө бэлтгэдэг гэдгээрээ онцлогтой. Тодруулбал, 1-2 настай үхрийг малчдаас худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулан экспортын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бөгөөд ингэснээр малчид жилийн дөрвөн улиралд орлоготой байх нөхцөл бүрджээ. Тус компани одоогоор 300 гаруй малчинтай хамтран ажиллаж байна. Халал технологийг нэвтрүүлж, бүс нутагтаа жишиг аж ахуйн нэгж болж байгаагаас гадна одоогийн байдлаар Бүгд Найрамдах Киргиз Улс руу бүтээгдэхүүнээ экспортлох талаар яриа хэлцэл өрнүүлжээ.
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд аж ахуйн нэгжүүдэд олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой гэдгийг албаныхан энэ үеэр хэллээ.Монгол Улсад бэлчээрийн болон махны чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, малчид, фермерүүд хамтран ажилласнаар махны экспортыг нэмэгдүүлэх асар их нөөц бололцоо бий. Мөн бэлчээр хамгааллын асуудал анхаарлын төвд байна.