Өнөөдөр “Ханжоу 2022” Азийн Наадмын жүдо бөхийн төрлийн эрэгтэй 90, -100, +100 кг, эмэгтэй -78, +78 жингийн медальтнууд тодрох юм. Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглосон Б.Гончигсүрэн эхний тойрогт хийлээд БНСУ-ын тамирчин Жон Хун Воныг, хагас шигшээд Арабын Нэгдсэн Эмиратын тамирчин Жафар Костоевыг иппоноор цэвэр ялснаар алтан медалийн төлөө 2022 оны дэлхийн аварга Узбекистаны тамирчин Музаффарбек Туробоевтой тунаж үлдлээ.
Харин эмэгтэйчүүдийн -78 кг-д хүч сорьсон О.Хүслэн эхний тойрогт Филиппины тамирчин Кэйт Жименаг хоёр вазаригаар илүүрхсэн ч дараагийн даваанд БНСУ-ын тамирчин Хюү Жи Ёнд вазари үнэлгээгээр ялагдсан. Улмаар дагах барилдаанд БНХАУ-ын Тайваны тамирчин Хвей Ваныг боох мэхээр ялснаар хүрэл медалийн төлөө Узбекистаны тамирчин Иришон Курбанбаеватай учраа таарлаа.
+78 кг-д барилдсан А.Адьяасүрэн Казахстаны тамирчин Камила Берликашийг вазаригаар буулган авсан ч дараагийн даваанд БНСУ-ын тамирчин Ха Юн Кимд цэвэр ялагджээ. А.Адьяасүрэн хүрлийн төлөө Энэтхэгийн тамирчин Тулика Маантай хүч үзнэ. Эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч үзсэн Г.Алтанбагана эхний тойрогт Афганистаны тамирчин Жабар Файсалыг, дараа нь Казахстаны тамирчин Дидар Хамзаг ялаад хагас шигшээд Узбекистаны тамирчин Давлат Бобоновт ялагдлаа. Манай жүдоч хүрлийн төлөө Ливаны тамирчин Карамнов Сагайповтой өрсөлдөх юм.
Шигшээ барилдаан 16:00 цагаас эхэлнэ.