Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, нийслэлийн ЗДТГ, МҮХАҮТ хамтран зохион байгуулдаг “Улаанбаатар түншлэл-2023” олон улсын үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-наас эхлэхийг дээрх танхимаас мэдээллээ. 48 дахь удаагийн эл үзэсгэлэнг энэ удаа “Монголд зочлох жил”- ийн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд Монгол, БНХАУ, ОХУ, Беларусь зэрэг орны 100 гаруй аж ахуйн нэгж хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ дэлгэх юм байна. Мөн мэдээллийн технологи, инновац болон банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулж, бизнесийн зөвлөх үйлчилгээний багууд ч ажиллах гэнэ. “Мишээл экспо”-д зохион байгуулах дээрх арга хэмжээ дөрвөн өдөр үргэлжлэх аж.