АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган болж байна. “Тогтвортой хөгжлийн зорилго-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор дэлхийн 100 гаруй орны Төрийн тэргүүн уг чуулганд оролцож буй юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 20-нд Ерөнхий ассамблейн чуулганд үндсэн сэдвийн хүрээнд үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийлэв. Тэрбээр “Дэлхийн улс орнууд цар тахлын аюулыг давсан ч геостратеги, геополитикийн сөргөлдөөн, нийгэм-эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хурдацтай дэвшил зэргээс үүдсэн хүндрэл, бэрхшээл тулгарсан хэвээр байна. Эдгээр асуудлыг эвийг эрхэмлэсэн, энх тайван ч яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой” гээд Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарлаад 30 гаруй жил болж байгааг дурджээ. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд манай улс өнгөрсөн хугацаанд 20 мянга гаруй энхийг сахиулагчаа илгээж, хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгааг онцлов.
НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурдсанаар Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт дэлхийн хэмжээнд 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хангалтгүй байгаа аж. Эдгээр зорилгын санхүүжилт цар тахлын өмнө жилд 2.5 орчим их наяд ам.доллароор тасарч байсан бол өнөөдөр 4.2 их наяд ам.доллар болж нэмэгдэн, буурай хөгжилтэй 52 улс өрийн дефолт зарлахад ойрхон болжээ. Манай улсын хувьд нийт 17 зорилгоос 15-ынх нь буюу 80 хувийн хэрэгжилт ахицтай, нэгийнх нь буурсан үнэлгээ авсан байна. Түүнчлэн энэ онд Монгол Улс “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксаноми”-ийг баталж чадсан дэлхийн анхдагч орнуудын нэг болжээ. Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байгааг Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дуулгасан. Мөн 2024 онд “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг эх орондоо хийх санал дэвшүүлээд, дэмжихийг уриалсан юм.
Ерөнхий ассамблейн чуулганд үг хэлснийхээ дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмиотой уулзжээ. Хоёр орны бүс нутаг, дэлхийн тавцан дахь хамтын ажиллагаа НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд гүнзгийрэн хөгжиж буйг энэ үеэр талууд тэмдэглэв. Мөн Монгол Улс тогтвортой хөгжлийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж буйг Ерөнхийлөгч онцолж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудлаарх хамтын ажиллагааг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн байна.