Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй. Энэ үеэр Төрийн тэргүүн Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Ален Берсе, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио нартай уулзлаа. Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон юм.
Ерөнхийлөгч Ален Берсе геополитикийн нөхцөл байдал амаргүй байгаа нь улс орнуудын олон талт хамтын ажиллагаанд бэрхшээл учруулж буйг тэмдэглээд, ирэх онд Монгол Улсад айлчлахыг урьсан урилгыг талархан хүлээж авчээ. Харин Казахстаны Ерөнхийлөгчтэй уулзах үеэр талууд экспорт, импортын бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлж, улмаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, “Монгол, Казахстаны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг 2023-2025 онд эрчимжүүлэх замын зураглал” гаргах болон Бизнесийн зөвлөлийг ойрын хугацаанд байгуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв. Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 онд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр төлөвлөснөө энэ үеэр илэрхийлсэн юм.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзах үеэр тэд цөлжилт, ойн зурвас байгуулах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, хуурай, хагас хуурай бүс нутагт мод тарьж ургуулах, элсний нүүдлийг зогсоох зэрэгт шинжлэх ухааны үндэслэлтэй хандаж, бодит үр дүнд хүрэх, байгальд ээлтэй дэвшилт технологи нэвтрүүлэх, мэдлэг, мэдээллээ солилцох чадавх бэхжүүлэх платформ, цогц судалгааны төв байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов. Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио 2024 онд Монгол Улсад айлчлах аж.
Бэлтгэсэн: Б.Уран