Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 19-23- нд АНУ-ын Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Энэ удаагийн ерөнхий санал шүүмжлэл “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болох бөгөөд 100 гаруй улс Төрийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгджээ. Ерөнхийлөгч олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх юм. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзахаар төлөвлөжээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оноос жил бүр тус арга хэмжээнд оролцож буй. Энэ жилийн санал шүүмжлэлийн үеэр тогтвортой хөгжлийн зорилгуудын, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа ахиулах дээд түвшний уулзалт болох аж. Үүнд Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар оролцох юм байна. Мөн энэ үеэр хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцүүлэг, цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ, сүрьеэгийн талаар уулзалт зохион байгуулах гэнэ.
Бэлтгэсэн: У.Наран