Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсад болсон Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцов. 1964 онд НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурлын анхдугаар хуралдаанаар хөгжиж буй орнуудын хамтын тунхаглалыг баталснаар 77-гийн бүлгийг байгуулсан түүхтэй. Монгол Улс тус бүлгийн үйл ажиллагаанд 1989 оноос хойш оролцож байна. Анх хөгжиж буй 77 орон байгуулсан эл бүлэгт өдгөө 134 улс нэгдэж, НҮБ дахь Засгийн газар хоорондын хамгийн том бүлэг болжээ. Энэ удаагийн дээд түвшний уулзалтад 100 гаруй улсын төлөөлөгч, тэр дундаа олон арван орны төр, засгийн тэргүүн, дэд тэргүүн оролцов.
“Өнөөгийн хөгжлийн сорилтууд: Шинжлэх ухаан, технологи, инновацын үүрэг” сэдэвт дээд түвшний уулзалтын ерөнхий санал шүүмжлэлд Төрийн тэргүүн оролцон, Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигтээ олон улсад өрсөлдөх чадвар бүхий үндэсний шинжлэх ухаан, инновацын тогтолцоог бүрдүүлэхээр тусгаж, ойрын 10 жилийг шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ сэргэлтийн он жилүүд байхаар төлөвлөн ажиллаж буй. Цаашид Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилгуудыг ханган хэрэгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хуваалцах, инновацыг дэмжих, бүс нутгийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн судалгаа шинжилгээ, төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх зэргээр эдгээр салбарт бүлгийн гишүүн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байна. Улаанбаатар хотноо төвтэй Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн шугамаар холбогдох улсуудын хөгжлийг дэмжих судалгааны төслүүдийг Өмнөд-Өмнөдийн болон гурвалсан хамтын ажиллагааны хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлэх нь тэдгээрийн үр өгөөж, цар хүрээ, ач холбогдлыг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа” хэмээн онцлов.
Чуулга уулзалтын үеэр тэрбээр тус улсын Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудезтай уулзлаа. Кубын Засгийн газар олон жилийн турш Монголын оюутан залууст олгож ирсэн тэтгэлгийг цаашид нэмэгдүүлэхээр болсныг тус улсын Төрийн тэргүүн дуулгасан юм. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа анагаах ухаан, биотехнологи, соёл, боловсрол, хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, биеийн тамир, спорт зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, оюутан солилцоог нэмэгдүүлэх болон харилцан сонирхсон бусад асуудлаар тэд ярилцав. Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез Монгол Улсад тааламжтай цагтаа айлчлах урилгыг талархан хүлээн авч, 2024 онд айлчилна гэдгээ энэ үеэр илэрхийллээ. Манай улс Куба улстай 1960 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монголын талаас 1972 онд Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, засгийн дээд хэмжээний төлөөлөгчид, Кубын талаас 1970 онд нам, засгийн удирдагч Раул Кастро нар харилцан айлчилсан түүхтэй.
Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад суралцаж байгаа монгол оюутнуудтай уулзав. Засгийн газраас амьжиргааны зардлын хэмжээг энэ хичээлийн жилээс нэмж олгох болсныг тэрбээр хэллээ. 2023 оны байдлаар тус улсад 15 монгол иргэн ажиллаж, суралцаж байгаагийн 11 нь оюутан юм.
Бэлтгэсэн: Б.Уран