Дэлхийн улс орнуудад нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаа явуулдаг спорт цогцолборууд нэр хүндтэй бизнесийн компаниудад байгууламжийнхаа нэрийг тодорхой хугацаагаар эзэмшүүлэх буюу түрээслүүлэх практик бий. Энэ нь олон нийтийг хамарсан томоохон үйл ажиллагаануудаар дамжуулан компанийн нийгмийн хариуцлагаа өргөжүүлэхээс гадна зар сурталчилгаа явуулах дэмждэг гэсэн үг. Тухайлбал, АНУ-д “Bank of America”, “PNC Bank”, “Rio Tinto”, “Toyota” зэрэг компани тухайн улсынхаа хамгийн том арена, спорт цогцолборуудын нэрших эрхийг эдэлдэг бол Японд “Nissan Yokohama”, Германд “Allianz Arena”, Австралид “Marvel” зэрэг томоохон компани олон үйлдэлт аренагаа дэмжин ажиллаж байна. Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх, урлаг, соёл, спортын төрөлжсөн тэмцээн уралдаан, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулж буй олон улсын стандартыг хангасан “Степпе Арена” буюу Мөсөн өргөө нь бизнесийн нэр хүндтэй компаниудад нэршүүлэх судалгаа хийж, хэд хэдэн газартай хэлцэл хийсний эцэст “Ачит Ихт” ХХК-д нэрших эрх олголоо. Ингэснээр тус компани “AIC Степпе Арена” гэж нэрших эрхийг гурван жилийн хугацаатай эзэмшихээр гэрээ байгуулсан юм.
Энэ дээрх практикийг Монголд нэвтрүүлсэн анхны тохиолдол болов. Нэрших эрхийг авсан баярынхаа хүрээнд амралтын өдрөөр “AIC Степпе Арена” нээлттэй өдөрлөг зохион байгууллаа. Мөн гадна талбайдаа воллейбол болон 3х3 сагсан бөмбөгийн, хиймэл зүлгэн талбай байгуулжээ. Өдөрлөгийн үеэр талбайн нээлтээ хийж хүүхэд залуусын дунд 3х3 сагсан бөмбөг болон воллейболын тэмцээн зохиолоо. Бас энэ үеэр “Open mic”-ийн хамт олон хүрэлцэн ирж тэдний ажилчид болон үзэгчдийн дундаас шилдэг дуучныг шалгаруулсан юм.