Токио хотод зохион байгуулсан бүх Японы оюутны улсын аварга шалгаруулах сүмо бөхийн тэмцээнд манай тамирчдаас үнэмлэхүй жинд Т.Бөхчулуун, О.Цэлмэг, 135 кг-ын жинд А.Сүхбат, Л.Мянганбаяр нар хүч сорьсон. Үнэмлэхүй жинд шилдэг 16 сүмоч барилдсанаас Японы спортын шинжлэх ухааны их сургуулийн оюутан Т.Бөхчулуун дөрвөн удаа ялж, аварга боллоо. Тэрбээр гурван жилийн өмнө Чиба мужийн “Кашива Ниттай” ахлах сургуулийн сурагч байхдаа тус хотод болсон ахлах сургуулиудын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 92 кг-ын жинд түрүүлсэн юм. Багануур дүүргийн “Хөх эрчис” клубийн дасгалжуулагч Х.Магвандоржийн удирдлагад чөлөөт бөхөөр анх хичээллэж, Гавьяат тамирчин З.Дүвчингийн удирдлагад бэлтгэлээ үргэлжлүүлсэн түүнийг “Ичиши” залуучуудын клубт багшаар ажилладаг Р.Баяраа 2018 онд дээрх ахлах сургуульд суралцуулахаар урьсан гэдэг.